ЗАВХАН: Ямаан усны дурсгалуудын судалгаа нь түүхийн үнэ цэнтэй баримтуудыг дэлгэснээрээ онцлогтой юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-12-25 16:43:24

Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Алдархаан сумын нутагт малтан судалсан “Ямаан ус”-ны дурсгал маш олон талын ач холбогдолтой талаар төслийн удирдагч Ж.Мөнхдэлгэр мэдээлэв.


Ямаан Усны дурсгалт газрыг 2021 онд нээн илрүүлж, ШУТИС-ийн археологийн баг 2 удаагийн хайгуул судалгааг зохион явуулж, 2022 онд анхны малтлага судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэжээ.


Ямаан усны дурсгалт газар нь Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун тийш 32 км зайтай, далайн түвшнээс дээш 1800 орчим метрт орших Хүннүгийн язгууртны бүлэг дурсгал юм. Энэхүү дурсгал нь хойд талаараа Ямаат уул, урд талаараа Их хөшиг, Тамба уул, зүүн талаараа Хярын уулсын дунд бүх талаараа уулсаар хүрээлэгдсэн нууцлагдмал хөндийд оршдог.


Уг дурсгалт газар нийт Хүннүгийн үед холбогдох 154 булш байх бөгөөд үүнээс 42 нь Хүннүгийн язгууртны дурсгал болох үүдэвчтэй булш, бусад энгийн цагариг хэлбэрийн булш байна.


Судалгааны дүнд Хангайн нурууны баруун биед Хүннүгийн томоохон төвлөрөл байсан төдийгүй соёл, зан үйл, эдийн засаг, цэрэг дайны тасралтгүй нутагласан томоохон суурин, нутгийн уугуул аж ахуй бүрэлдэн тогтож хадгалагдсан гээд олон нээлтийг илрүүлжээ. Энэхүү дурсгалт газарт ажиллаж эхэлснээс хойш гурван удаагийн малтлага судалгаа, гурван удаагийн тусгай үзэсгэлэн, нэг хамтын бүтээл, 20 орчим эрдэм шинжилгээний өгүүллийг монгол болон бусад хэлээр хэвлүүлжээ. Судалгааны илтгэлийг Монгол, Хятад, АНУ, БНСУ-д хэлэлцүүлээд амжсан байна.


Мөн Ямаан усны 61-р булшны малтлагаас сэдэвлэсэн “Асарын өндөр” хэмээх түүхэн жүжиг бичиж, тайзнаа тавьжээ. Ямаан усны дурсгалуудын судалгааг тасралтгүй хийж, үр дүнд хүрээд байгаа цөөхөн жишээг тоймловол,

Антропологийн судалгаагаар үндсэн болон дагуул булшнаас илрүүлсэн хүний яснуудад хийсэн судалгаагаар бүгд монголжуу төрхтэй болохыг тогтоосон байна.  БНСУ-д хийсэн хүрэл эдлэлийн орц, найрлагын шинжилгээгээр Хүннүчүүд өөрсдийн гэсэн өвөрмөц уламжлалтай байсан байж болохыг тогтоожээ.


Дурсгалын 61-р булшнаас олдсон тэрэгний модон тэвшинд хийсэн судалгаагаар уг тэвшийг Монголын уугуул нарс модоор хийсэн байх магадлал өндөр болохыг тогтоогоод байна. Он цаг тогтоох шинжилгээ (Радиокарбон) Япон болон АНУ-д илгээсэн таван дээжид хийж, Ямаан усны 61-р булшны он цагийг НТӨ 55-НТ 62 хэмээн 92.2 хувь, 61-р булшны он цагийг НТӨ 46-НТ 79 буюу 93.9 хувь хэмээн НТӨ I зууны дунд хагасаас НТ I зууны дунд хагаст холбогдох үзүүлэлт гарсан байна.


АНУ-ийн Жоржиа Их сургуульд хийлгэсэн шинжилгээгээр Ямаан усны 59-р булш 1990, 61-р булш 1960, 61-1-р булш 2010 жилийн өмнө бүтээгдсэн гэсэн он цагийг зааж байна. Ямаан усны 58-р булшнаас илэрсэн нумын наалт дээрх бичээсийг Монгол эрдэмтэн саяхан тайлж уншсан байна. Удахгүй олон нийтэд мэдээлнэ. Ямаан усны дурсгалуудын судалгааны ажил цаашид олон арван жил үргэлжилнэ хэмээн төслийн удирдагч, судлаач Ж.Мөнхдэлгэр дуулгалаа. 

                                                                     61-р дурсгалын малтлагын 7-р үеэс олдсон сүйх тэрэгний модон тэвшний хэсэг


                                                                                                                                     Завхан аймгийн Алдархаан сум, Ямаат уул

                                                                                                                                   Ямаан усны дурсгалын малтлагын үеэр


Ямаан ус дахь археологийн багийн зураг, 2022 он.

Холбоотой мэдээ