Х.Баделхан: 100 мянган айлын орон сууц хөтөлбөр батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-16 18:23:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратеги батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжив.


Хууль, тогтоолын төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, “Монгол Улсын эдийн засаг 2020-2022 онд 6.3 хувиар өсөж, инфляцийн түвшин 8 хувьтай байна гэж тооцсон гэдгийг танилцуулав. Мөн гадаад худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцжээ.  2020 онд төсвийн алдагдал ДНБ-ний эзлэх хувь хэмжээгээр 5.1 хувьтай байхаар тооцсон нь энэ оныхоос 0.3 функтээр сайжрах аж.


Засгийн газар 2021-2024 онд томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Энэ төлбөрийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүй төлөх стратегийг боловсруулжээ. Уг эргэн төлөлттэй холбогдуулан төсвийн алдагдлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан хэмжээнээс 2021 онд илүү сайжруулан, 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувь, 2023 оноос эхлэн ашигтай байхаар тус тус төсөөлжээ. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлогыг баримтлахаар тусгасан болохыг Сангийн сайд онцолсон юм.


Дунд хугацаанд төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, төсвийн тэгш бус хуваарилалтыг бууруулж, ил тод, шударга, оновчтой, үр ашгийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ хэмээн тэрбээр хэллээ. Түүнчлэн 2019 оны төсвийн тухай хуулиар батласан 2020 онд шилжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг бүрэн санхүүжүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлэхээр тусгасан байна. Засгийн газрын 2019-2022 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичиг батлах тухай тогтоолын төслийг боловсруулжээ. Өмнөх өрийн удирдлагын дунд хугацааны стратеги 2018 оноор дуусгавар болж, тухайн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан 2019 онд гарсантай холбоотойгоор дээрх баримт бичгийг боловсруулсан хэмээлээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.


УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, улсын урт хугацааны бодлого хэрэгжихгүй байгаа шалтгаан нь төсвийг төлөвлөхдөө, үндсэн ажлынхаа зорилттой уялдуулаагүйгээс болж байгааг дурдав. Тэрээр, нэн тэргүүнд төсвийг төлөвлөхдөө хэрэгжүүлэх ажлын чиглэл, зорилттой уялдуулах хэрэгтэйг хэллээ.

УИХ-ын гишүүн М.Билэгт, “Төсвийг төлөвлөхдөө, намын мөрийн хөтөлбөртэй уялдуулах хэрэгтэй. 2016 оны сонгуулийн намын мөрийн хөтөлбөрт малчдыг орон сууцанд хамруулна гэсэн. Малчид үр хүүхдээ нийслэлд орон сууцтай болгохыг хүсэж байгаа. Засгийн газраас энэ тал дээр анхаарч бодлого гаргах уу” хэмээн асуув. БХБ-ийн сайд Х.Баделхан, Засгийн газрын хуралдаанаар, орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт энэ асуудлыг тусгасан. Энэ нь 60 сая хүртэлх төгрөгийн үнэтэй 120 мкв хүртэлх орон сууцыг хот, хөдөөгүй ипотекийн зээлээр олгохыг шийдвэрлэх журам гаргасан. Засгийн газраас удахгүй, 100 мянган айлын орон сууц хөтөлбөр батална. Үүнд малчны орон сууцанд хамрагдах боломжийг тусгасан” гэлээ.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн мөнгийг улсын төсөвт төвлөрүүлснээр ипотекийн зээл олголт гацсан гэх мэдээлэл байна. Тэр мөнгийг нь улсын төсвөөс салгаж болохгүй юм уу. 2020 онд эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгийг хэрхэн тооцож байна вэ” гэж асуув. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, энэ талаарх ташаа мэдээлэл яваад байна. Хуулиараа, Монголбанк хариуцаад банкаа сонгож, зээл олгож байна. Зөвхөн улсын төсөвт суулгасан 115 тэрбум төгрөгийг улиралд тэнцүү хувааж ипотекийн зээлийн санд шилжүүлж байгаа. Монголбанк, БХБЯ, Сангийн яам хамтарч зээлийн санг бүрдүүлэхээр журманд тусгасан. Гадаадын зээл тусламжаар, эрүүл мэндийн салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, АХБ-ны санхүүжилтээр гурван зээлийн гэрээ байгуулахаар болсон” гэв.


Хууль, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь дэмжлээ. Ийнхүү хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлэв. Ингээд ажлын цаг дууссан тул УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан хаалаа.

Холбоотой мэдээ