Монгол Улсын төлөөлөгчид ЮНЕСКО-гийн олон улсын усны бага хуралд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-05-17 11:15:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНФУ-ын Парис хотноо энэ сарын 13-14-нд болсон ЮНЕСКО-гийн Олон улсын усны бага хуралд Монгол Улсаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын нэг болох Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн захирал Г.Бүдтуяа, тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Азбаяр нар оролцов.


Тус бага хурал ус болон тогтвортой хөгжлийн тулгамдсан асуудлыг үндэсний, орон нутгийн, олон улсын түвшинд шийдвэрлэхэд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой

Бага хурлын үеэр дэлхийн 40 гаруй орны усны асуудал хариуцсан яамдын сайд нар болон бусад төлөөлөгчид усны менежмент, тогтвортой хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, салбар хоорондын хамтын ажиллагаа, мэдээллийн ил тод байдал, солилцоо зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.

Монгол Улсаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Тогтвортой хөгжлийн төлөөх усны боловсрол”, “Усны асуудалтай холбогдолтой шийдвэр гаргалтад зориулсан тоо баримт” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, БОАЖЯ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Ногоон паспорт” аян болон “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг танилцуулав.

Түүнчлэн ЮНЕСКО-гийн Холбоот сургуулиудын нэг болох Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн захирал Г.Бүдтуяа, тус сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Азбаяр нар Онон, Хэрлэн, Улз, Халх голыг аврах зорилго бүхий “Нэг голын хүүхдүүд” төслөө тус хурлын үеэр танилцуулсан юм.


Холбоотой мэдээ