“Хайртай хүмүүс ээ-Хамтдаа хамгаалцгаая” уриаг амьдралд хэрэгжүүлцгээе

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2019-05-17 11:34:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад ДОХ-ын халдвартай 270 хүн бүртгэгдэж, 42 нь нас баржээ. Халдвар зөвхөн бэлгийн замаар дамжин халдварлажээ.


Гэхдээ ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар, ДОХ-ын халдвартай 670 хүн бий гэж үздэг байна. ДОХ-ын халдварын нийт тохиолдлын 18,5 хувийг эмэгтэйчүүд, 80 хувийг эрчүүд эзэлж байгаа юм. Эхээс урагт, цус цусан бүтээгдэхүүн, бохир зүү тариураас ДОХ халдварласан тохиолдол манайд бүртгэгдээгүй.


Өнгөрсөн жил бэлгийн замын халдварт өвчний 16 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Иймд БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх “Хайртай хүмүүс ээ-Хамтдаа хамгаалцгаая” уриатай эрүүл мэндийн боловсролын цуврал мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажил орон даяар эхлээд байна.


Энэ ажлын хүрээнд бэлгийн замын халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, оношлуулж, эмчлүүлэх талаар хоёр цуврал мэдээллийг 14 хоногийн туршид олон нийтэд хүргэнэ гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа онцолж байгаа аж.


ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн танилцуулснаар, бэлгийн замын халдварт өвчний 38,3 хувийг эзэлж, өмнөх оноос 5 хувиар өслөө. Үүнд, тэмбүү 38, заг хүйтэн 33,9, трихомониаз 28, ДОХ 0,1 хувийг эзэлж байна. БЗХӨ буурахгүй байгаа нь нийгмийн нөхцөл байдал, ажилгүйдэл, архидалт, гэр бүл салалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгаа. БЗХӨ-тэй хүмүүсийн 32,5 хувийг 15-24 насныхан, 43,7 хувийг 25-34 насныхан эзлэх болсон. Харин хүйсийн хувьд, эмэгтэйчүүд 71, эрэгтэйчүүд 29 хувийг эзэлж байна. Мөн БЗХӨ-тэй хүмүүсийн 61 хувь нь дунд, 19 хувь нь дээд боловсролтойгоос гадна 62 хувь нь гэр бүлтэй, 30 хувь нь гэрлээгүй байна.


Монголд ДОХ-ын оношилгоог дэлхийн жишигт хүрсэн түвшинд хийж байна. Өмнө нь олон төрлийн эм өдөрт хэрэглэдэг байсан бол одоо өдөрт нэг ширхэг эм л уудаг болжээ.


“БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэхийн тулд үзлэгт орох хэрэгтэй. Таны эрүүл мэнд таны гарт байна. Хувь хүний нандин харилцаагаар дамждаг тул хувь хүний боловсрол чухал” гэдгийг Д.Нямхүү захирал онцлов.


Манай улсад гадаадаас ирсэн /БНСУ, Канад, Австрали, ОХУ зэрэг улсын/ 34 хүн ДОХ-ын халдвартай хэмээн оношлогджээ. Тэднээс хоёр нь Монголд эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэд уул уурхай, бизнесийн салбарт ажиллахаар ирсэн байна.

Холбоотой мэдээ