Эрт галавын амьтдын үзэсгэлэнг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Музей, ШУА-ийн
Палеонтологи, геологийн хүрээлэнгээс өнөөдөр “Эрт галавын амьтад говь нутагт”
үзэсгэлэнг нээлээ.
Олон улсын музейн өдрийг угтан
зохион байгуулж байгаа энэхүү үйл ажиллагаанд ШУА-ийн Палеонтологи, геологийн
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, үлэг гүрвэлийн мөр, үлэг гүрвэл
судлаач, докторант Б.Майнбаяр, хөхтөн амьтан судлаач, докторант Б.Баярмаа, Зава
Дамдин судлаач, идэвхтэн гишүүн зохиолч, сэтгүүлч Х.Шонхор болон аймгийн музейн
хамт олон, ахмад ажилчид, иргэд, холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Монгол нутаг дахь эртний шим
ертөнцийн судалгааны дүнд бий болсон дөрөвдөгч галавын буюу мөстлөгийн үеийн
амьтад болох савагт хирс, арслан заан, одос үхрийн олдвор цуглуулга, үлэг
гүрвэлийн олдвороос бүрдсэн энэхүү үзэсгэлэн нь олон нийтэд шинжлэх ухааны үр
дүнг танилцуулах, аймгийн иргэд болон аялагчид, жуулчдад мэдлэг олгох, эртний
шим ертөнцийн судалгааны ажлыг орон нутагт сурталчлах зорилготой бөгөөд нэг
жилийн хугацаатай тус аймагт байрлах ажээ.
Энэ жил Дундговь аймгийн Музейн 70
жилийн ой тохиож байгаа бөгөөд тус байгууллагын хамт олон 70 бүтээлч ажил
хийхээр төлөвлөн хэрэгжүүлж, эхнээсээ иргэдэд ийнхүү танилцуулж байгаа юм.
Нээлтэд оролцогчид тус
үзэсгэлэнгийн анхны үзэгчид болж үзмэрүүдтэй танилцжээ. Мөн энэ үеэр гадаа
талбайд 5 хошуу малын чихмэлээр үзэсгэлэн гаргаж, тойруулган дээр монгол
үндэсний тоглоом шагайг олноор асгасан байсан ба хүүхэд багачууд, иргэд энэхүү
тоглоомоор тоглож, цагийг зугаатай өнгөрүүлж байлаа.