Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-05-18 10:51:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна.


Эл өдрийг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Нийслэлийн ЗДТГ, бурханы шашны сүм хийдүүд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэж байна.

Өнөөдөр "Улаанбаатар марафон", "Автомашингүй өдөр" таарч буй тул лам нарын  хүндэтгэлийн жагсаал  Гандантэгчэнлин хийдээс эхэлж, Энхтайваны өргөн чөлөөгөөр тойрч  Төв талбайд хүрэх юм. Мөн төв талбайд энх тайвныг бэлгэдсэн  лам нарын бясалгалын флаш моб болох аж.

Гандантэгчэнлин хийдэд өглөөний 4:00-21:00 цаг хүртэл шашин, соёлын ажил зохион байгуулах юм.

Эл өдрийг Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхацсан өдөр хэмээн хүндэтгэдэг бөгөөд Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Азийн улс орнуудад баярын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Энэ өдрийг Азийн төдийгүй Австрали, Европын бурхны шашинтнууд маш өргөн дэлгэр тэмдэглэдэг. Мөн НҮБ-аас “Эв нэгдлийн өдөр” болгон тэмдэглэдэг байна.

Монгол оронд бурхны шашин гурван удаа дэлгэрсэн. Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдрийг эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, болж өгвөл махан хоол хэрэглэхгүй, эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж тэмдэглэх учиртай аж.

Холбоотой мэдээ