Татварын багц хуульд хориг тавьсан долоо хоног

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-19 18:59:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд хориг тавьсан, УИХ-ын чуулганаар Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэн, Засгийн газрын ээлжит хуралдаанаар долоон Элчин сайдын томилгоог хэлэлцэж, дэмжсэн зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрийн амьдрал өрнөв. Мөн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг нууцын зэрэглэлээс гаргах болсон, жил бүрийн 4, 5 дугаар сард мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргахыг хориглосон зэрэг нь мөн л олны анхаарлын төвд байлаа. Ингээд өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.


Хүний эрхийг хамгаалагчдын тухай хуультай болохыг Монгол Улсад уриалав



“Монголд хүний эрхийг хамгаалагчид аюулгүй ажиллаж байгаа ч тэднийг дэмжсэн эрх зүйн таатай орчин бүрдээгүй байна" гэж манай улсад ажилласан НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Мишель Форст энэ сарын 13-нд мэдэгдэв.


Тэрээр, Монголд 14 хоног ажиллахдаа Улаанбаатар хот болон Дорноговь аймгийн Сайншанд хот, Айраг сум, Зүүнбаян тосгоноор орж, төрийн тэргүүнээс аваад иргэний нийгмийн төлөөлөл, хувийн хэвшлийн 100 хүнтэй уулзаж ярилцжээ. Энэ талаараа НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар өнөөдөр мэдээлэл хийхдээ, “Юуны өмнө хүний эрхийг хамгаалагч гэж хэнийг хэлэх талаар танай улсад ойлголт муу байна. Хүний эрхийг хамгаалагч нь заавал нэг байгууллагад ажиллах албагүй, гол нь хэн нэгнээс хараат бус ажиллах учиртай. Жирийн малчнаас эхлээд хуульчид, сэтгүүлч гээд хүн бүр хүний эрхийг хамгаалагч юм” гэдгийг онцоллоо.


“Зүүн болон Төв Азийн бүс нутагт ардчиллын манлайлагч хэмээн ойлгодог Монгол Улсад сүүлийн үед хүний эрхтэй холбоотой хуулиудад хоёрдмол утгатай нэмэлт өөрчлөлт оруулсныг анхаарахаас аргагүй байдалтай байна. Хууль эрхзүйгээс гадна авлига, байгаль орчныг доройтуулж буй талаар хөндөж ярьсны төлөө хүний эрхийг хамгаалагчдыг айлган сүрдүүлж дарамталж буйг сонслоо. Ялангуяа, тэдний нэр төрийг гутаан, гэр бүлийнхнийг нь ажилд орох, сургалтын тэтгэлэг авах, төсөлд хамрагдахад хүндрэлтэй байдал үүсгэх зэргээр нийгэм, эдийн засгийн талаар элдвээр дарамтлан шахаж байна. Тиймээс Хүний эрхийг хамгаалагчдын талаар хууль батлан гаргах нь тэдний хийж буй хууль ёсны ажлыг дэмжиж, хүлээн зөвшөөрөх юм. Мөн тэдний эсрэг байгаа этгээдүүдийг шийтгэхэд тодорхой алхам болно” гээд ийм хуулийг баталж бүс нутагтаа хэрэгжүүлсэн анхны орон болохыг манай улсад уриалсан юм.


НҮБ-ын Хүний эрхийн шинжээч Монголд ажилласан тайлангаа ирэх оны гуравдугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43-р чуулганд танилцуулах юм. Энэ талаар гаргасан дүгнэлт, зөвлөмжөө манай улсын Засгийн газарт хүргүүлж буйгаа мөн мэдээлэв.


Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавилаа



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.


Монгол Улсын Үндсэн хуульд “хуулиар ногдуулсан албан татварыг төлөх нь иргэн бүрийн ёсчлон биелүүлэх үндсэн үүрэг” гэж заасан тул татварын багц хуулийн шинэчлэлийг нийт иргэн, аж ахуйн нэгжид хамаатай, тэдгээрийн хууль ёсны ашиг сонирхлыг зүй ёсоор хөндөх нийгмийн томоохон өөрчлөлт хэмээн Ерөнхийлөгч хориг тавих албан бичгийнхээ эхэнд онцолжээ.


Албан бичигт, “Татварын багц хуулийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй. Гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон” татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг УИХ-ын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзлээ.


Олон Улсын санхүүгийн бүлэглэлүүдийн улс дамнан үйлдэж байгаа татвар, санхүү, эдийн засгийн гэмт хэргүүдийн эсрэг тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд Монгол Улс 2018 онд нэгдэн орж, олон улсын татварын байгууллагуудын хэтийн чиг хандлагад нийцүүлэн татварын эрх зүйн орчноо сайжруулах шаардлагыг хүлээж авсантай холбогдуулан татварын багц хуульд туссан зарим өөрчлөлт, шинэчлэлтийг ололттой, оновчтой гэж үзэхийг үгүйсгэхгүй боловч үүгээр халхавчлан мөнгө угаах, хүү хүүлэх, татвараас зайлсхийх бусармаг үйл ажиллагааг өөгшүүлж, үндэстэн дамнасан корпорациудад бага татвар төлөх, хуулийн хүрээнд татвараас зайлсхийх арга зам, боломжуудыг хуульчлан олгох нь зүйд нийцэхгүй” гэжээ. Дээрх үндэслэлээр Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан юм.


С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрийг нууцаас гаргана



С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцын зэрэглэлээс гаргах болжээ. Энэ талаар С.Зоригийг хөнөөсөн хэргийн шийдвэрлэсэн байдлыг судалж, дүгнэх УИХ-ын Түр хорооны дарга Ж.Батзандан нар энэ сарын 16-нд мэдээлэв.


ОУПХ-ноос уг хэргийг шийдвэрлэсэн анхан, давж заалдах болон Улсын дээд шүүхийн шийдвэртэй танилцах хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Түр хороо энэ сарын 15-нд Улсын Ерөнхий прокурорын газрын удирдлагуудтай уулзаж, шүүхийн шийдвэрийг ил болгохоор тохирчээ.


Түр хорооны дарга Ж.Батзандан, “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй гурван хүнтэй уулзах хүсэлтийг ОУПХ-ны шинжээчид ирүүлсэн. Түр хорооны гишүүд ХЗДХ-ийн сайд, ШШГЕГ, УЕПГ-ын удирдлагуудтай ярилцаж, шинжээчдийг хэрэгтнүүдтэй уулзуулах боллоо. С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцдаа хуулийн байгууллагууд олон иргэнийг айлган сүрдүүлсэн, дарамталсан, эрүүдэн шүүсэн тухай мэдээлэл ирэх боллоо. Тиймээс иргэдийг 267155 дугаарын утсаар холбогдох, эсхүл Түр хорооны гишүүдтэй биечлэн уулзаж, гомдол, мэдээллээ өгөх боломжтой” гэв.


Мал төллөх үед мах, махан бүтээгдэхүүн экспортлохгүй байхыг даалгав


Засгийн газрын энэ сарын 17-ны ээлжит бус хуралдаанаар, махны хангамж, нийлүүлэлт, үнийн талаар мэдээлэл сонсож, энэ сарын 18-наас ирэх сарын 15-нд нөөцийн мах худалдахыг  сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарт даалгав.


Мөн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн болон түүхий мах экспортлох аж ахуйн нэгжид гэрчилгээ олгохдоо, хүсэлт гаргасан тоо хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодод нөөцийн махны үнээр худалдах гэрээ байгуулж байхыг үүрэг болголоо.


Хонь, ямааны мах болон дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүний экспортод квот тогтоох, мал төллөх үе буюу 4, 5 дугаар сард мах, махан бүтээгдэхүүн экспортлохгүй байх, шаардлагатай бусад арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгав. Нөөцийн мах бэлтгэх, үнэ нь ихээр савлах, хангамж тасалдахаас сэргийлэхэд шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөөд байна. Цаашид мах, гурил, үр тариа, төмс, хүнсний ногооны үнийг тогтвортой байлгах чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулж ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.


Долоон хүнийг элчин сайдаар томилохыг дэмжив



Засгийн газрын энэ сарын 17-ны хуралдаанаар, нэр бүхий долоон хүнийг Элчин сайдаар томилохыг  хэлэлцэн дэмжлээ.


Тодруулбал, Монгол Улсаас Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж, Лаос ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав, Куба улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг нарыг томилохыг дэмжив. Мөн Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр, Шведэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар нарыг томилохоор тогтов.


Түүнчлэн НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг томилохоор болжээ. Харин БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо.


Н.Учрал: 2015-2018 онд жилд 5000 хүүхэд гэмт хэргийн золиос болсон



УИХ-ын чуулганы энэ сарын 17-ны хуралдаанаар, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцлээ.


Илтгэлийг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж танилцуулав. Тэрээр, хүний эрх, эрх чөлөө, боловсролын бодлого, ажлын байрны дарамт, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийг хөндөхөөс гадна эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудлыг тусгасныг дурдав. Түүнчлэн онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, хүйсийн эрх тэгш байдлыг хангах зэрэг үндсэн зургаан сэдвийг багтаасан байна. Уг илтгэлийн хүрээнд, хүний эрхийн боловсролын цогц бодлого, үзэл баримтлалыг тодорхойлох, гэмт хэргийн сэжигтнийг эрүү шүүхээс сэргийлэх зэрэг 25 зөвлөмжийг УИХ-д хүргүүлж байгаа аж.


Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хүүхдийн хүчирхийллийн эсрэг томоохон ажил өрнүүлэх шаардлагатай байгааг дурдсан юм. Харин УИХ-ын гишүүн Н.Учрал, “Хүний эрхийн зөрчил бий болсны дараа ярих бус урьдчилан сэргийлэх шаардлагатай байна. Сүүлийн гурван жилд 5000 хүүхэд гэмт хэргийн золиос болсны 87 хувийг насанд хүрсэн хүмүүс үйлдсэн байна. Хүүхдийн эрхийг хамгаалах цагдаагийн алба хаагч 15 байна. Гэтэл судалгаагаар 248 алба хаагч байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Жил бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагад 90 сая төгрөг төсөвлөдөг. Үүнээс ердөө 3 сая төгрөгийн хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагын орон тоо, төсвийг нэмэх хэрэгтэй” гэлээ.


Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүүхэд хүчирхийлсэн этгээдэд хамгийн ихдээ 20 жилийн ял оноож байгаа бөгөөд ялын хэмжээг нэмэх шаардлагатай гэдгийг онцолсон юм. Түүнчлэн ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр хүчирхийлэлд өртсөн хүүхдийг овог, нэр, хаягтай нь гаргаж байгааг зогсоох шаардлагатай байгааг онцолж байв. Учир нь цөөн хүн амтай улсад хүчирхийлэлд өртсөн хүүхдийн бүх мэдээлэл дэлгэрэнгүй тархсанаар тухайн хүүхэд дахин сэтгэлзүйн дарамтад орох, гадуурхагдах үндэс болж байгааг тайлбарласан юм. Мөн тэрбээр, “Ахмадуудын эрхийг хамгаалахад мөн төр засаг анхаарах шаардлагатай байна. Өвчтэй, өндөр настай ээж, аавыгаа гэрээсээ хөөдөг хүмүүс олон бий. Үүний улмаас ахмадууд өвөл хөлдөж амь эрсдэх эрсдэлтэй” гэлээ.


Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хүний эрхээс гадна Монгол Улсын иргэний хувьд хүлээх үүргийг нь тодорхой болгох ёстойг дурдлаа. Тэрбээр, “Дэлхийн улс орнуудад эрхээс гадна үүргийг нь баталгаажуулсан байдаг. АНУ-д л гэхэд жолоочийг цагдаа зогсоосон бол тухайн жолооч жолооны хүрднээсээ гараа буулгах ёсгүй гэсэн хуулийн заалт хүртэл бий” гэв.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-ын бүтцэд Хүний эрх, иргэний боловсролын байнгын хороо байгуулах ёстой гэсэн санал гаргалаа. Уг байнгын хороо УИХ-аас баталж буй хууль, тогтоол, Засгийн газраас гаргаж буй тогтоол, дүрэм, журам нь хүний эрхийг зөрчсөн байвал түүнийг буцаах, хүчингүй болгох, залруулах судалгаа хийдэг байх ёстой гэлээ.


Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж, ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллах боломж байгаа эсэхийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тодруулав. Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, “Энэ хэргийн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн шийдвэр өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр шинээр хэргийг мөрдөх нөхцөл байдал үүссэний дараа Улсын дээд шүүхэд Хяналтын шатны шүүх хурал болох ёстой. Одоогоор бидэнд шинэ нөхцөл байдал үүссэн талаар материал ирээгүй байна” гэлээ.


ХЭҮК-оос өмнө нь боловсруулж байсан 17 илтгэлээс ердөө хоёрыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн бөгөөд үлдсэнийг нь зөвхөн Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байсан юм. Өнөөдөр 18 дахь илтгэлийг хэлэлцсэнээр гурав дахь нь боллоо.

Холбоотой мэдээ