"Аль-Жазира" орон тоогоо цомтгоно

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-03-28 14:49:49

АБУ-ДАБИ. /TASS/. Олон улсын телевизийн “Аль-Жазира” компани орон тоогоо 500 хүнээр цомтгохоо мэдэгджээ. Тус компанийн мэдэгдэлд дурдсанаар, ажлаасаа халагдаж буй хүмүүсийн дийлэнх нь Катарын Доха хотод оршдог тус сувгийн төв байрны ажилтнууд аж.

Катарын нийслэл хотод 300 орчим мэргэжилтэн албан үүргээ орхихоос аргагүйг онцлон тэмдэглэж байна. Түүнчлэн “редакцын хамт олон цомтголд орохгүй” бөгөөд харин техникийн болон туслах үйлчилгээг хязгаарлана гэдгийг дурджээ.

Телевизийн “Аль-Жазира” сувгийг Катарын эрх баригчид 1996 онд үүсгэн байгуулсан бөгөөд өдийг хүртэл төрөөс санхүүжиж ирсэн байна. Одоогийн байдлаар “Аль-Жазира”-гийн орон тоонд 4500 орчим хүн хэдэн арван улсад ажиллаж байна.

“Аль-Жазира”-гийн орон тоог цомтгох шийдвэрийг ажиглагчид Катарын нийт орлого буурсантай, тухайлбал, дэлхийн зах зээлд нефть, хийн үнэ унасны улмаас уг салбараас орж ирэх орлого багассантай холбон тайлбарлаж байна. Чухам энэ шалтгаанаар сүүлийн 15 жилд энэ жил анх удаа төсөв 12 тэрбум орчим долларын алдагдалд орно гэж Катарын Засгийн газар үзэж байгаа аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ