Ахмадууд цэнгэсэн нэгэн оройн үдэшлэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-21 12:56:43

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгодын ахмадууд ээлж ээлжээр, хуваарийн дагуу аймгийн ХХҮГ-ын сувилалд амардаг уламжлалтай. Жилийн дөрвөн улиралд хаалга үүдээ үргэлж нээлттэй байлгаж, ахмадууддаа үйлчилдэг энэ хамт олон тэдэнд сэтгэл санаа, бие бялдрын асар их энерги өгөхөөс гадна эрүүл чийрэг, сэтгэл хангалуун байдлыг бэлэглэдэг байна. Энэ удаа тус сувилалд  Мандал, Сүхбаатар, Алтан-булаг сумын 30 гаруй ахмадууд амарч, сувилуулж байна. Ингээд тэдний 10 хоногт хэрхэн өрнөдөг үйл ажиллагаанаас хийсэн бяцхан сурвалжилгаа хүргэе.

Сувилалд амарч, сувилуулж буй ахмадууд өглөө эртлэн 07.00 цагт босно. Өглөөний дасгалаа хийгээд цайгаа ууна. Тэгээд эмчилгээ, сувилгаандаа ордог ажээ. Тэд өдөрт таван удаа хооллоно. Өглөө, бага үд, өдөр, их үд, орой гээд. Төрөл бүрийн амт чанар сайтай хоолноос гадна цагаан идээ, жимс жимсгэнэ гээд амин чанартай, экологийн цэвэр хүнс, зөв хооллолтын бүхий л дэглэмийг энд баримталдаг байна. Ахмадууд бариа засал хийлгэх, бумба тавиулах зэрэг уламжлалт эмчилгээнээс гадна хүний биеийн онцлог байдалд тохирсон эмчилгээнүүдийг хийдэг байна.

Зөвхөн дан эмчилгээ сувилгаа хийлгээд байхгүй бас хөгжилдөн цэнгээд амжуулдаг гэнэ шүү. Өдөр өдөрт ширээний дарга томилж, тэр дарга нар тухайн өдөрт хийх үйл ажиллагаануудаа төлөвлөн гаргадаг байна. Энэ өдрийн ширээний даргаар насаараа Сүхбаатар хотын алдарт корпусын сургуульд багшилсан, АБТА Ц.Отгонцэцэг хэмээх гялалзсан, хурдан яриатай эмэгтэй сонгогдлоо. Тэрээр тэр оройн үдэшлэгийг тунч эвтэйхэн бүх амрагчаа хамруулан сонирхолтой, хөгжилтэй хөтлөн явуулж чадлаа. Ширээний даргын үйл хөдлөл, ярьж, хэлж, хийж буй үйлдэл бүхэн их зохиолч Ш.Сүрэнжавын "Багш" шүлгийн үйл явдлыг нүдэнд харагдтал үзүүлж чадлаа хэмээн ахмад сэтгүүлч П.Буян-Эрдэнэ гуай урам хайрлалаа. Ганцхан оройд болж өрнөсөн ээлжийн ахмадуудын дунд явуулсан энэхүү бяцхан үйл ажиллагаа багахан ч гэсэн чамбай боллоо. Үүнийг бичигч надад ахмадуудын хөгжил, цэнгээнийг харан суух нээ “нас гэж тоо, сэтгэл гэж далай юмдаагэсэн ахмад сэтгүүлч П.Буян-Эрдэнэ гуайн хэлсэн үг үнэхээр сэтгэлд бууж байв. Үдэшлэгийн үеэр нас сүүдэр 92 зооглосон, насаараа холбооны газарт цахилгааны монтёр хийж байсан Л.Сүхбаатар гуай одоо бараг сонсогдохоо больсон "Эхчүүд энх тайвны төлөө" дууг эмэгтэйчүүдийн найрал” -тай дуулах нь их л сонин содон сонсогдлоо.

Мөн Шаамар сумын Хүйтний голын малчин, 78 настай Ц.Наяа Дэлгэр монгол орноо” сүр жавхаатай дуулж, Мандал сумын яруу найрагч, 87настай С.Рэнцэнханд гуай өөрийн уран бүтээлээс уншсан нь бас л сонирхолтой байлаа. Ахмад гэлтгүй бүсгүйчүүд маань ч адтай дуулж, бүжиглэж харагдлаа. Ахмадууд байгаа газар баяр хөөр, инээд цалгиж, сайхан сэтгэлийн ерөөлийн үгс ундран урсаж байх ажээ.  

 

Холбоотой мэдээ