Путин Францын Ерөнхийлөгч болон Германы Канцлертай утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-05-22 11:07:42

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон болон Германы Канцлер Ангела Меркельтэй утсаар ярьжээ.


Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, талууд олон улсын хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна.


Украины дотоод хямрал

Гурван улсын удирдагчид Петр Порошенкогийн бодлого нуран унасан болон Украинд төрийн эрх солигдсоныг харгалзан тус улстай холбоотой асуудлыг хөндсөн байна. Путин, Макрон, Меркель нар зөрчил сөргөлдөөнийг тайван замаар зохицуулах үндэс суурийн хувиар Минскийн гэрээг орлох өөр хувилбар байхгүй гэдэгтэй санал нэгджээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Донецк болон Луганск мужийн бүс нутгийн онцгой статусын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх нь тэргүүлэх ач холбогдолтой болохыг сануулан дурджээ. Путин мөн Донецк, Лугансктай Киев шууд яриа хэлэлцээ хийх ажлыг зохион байгуулах талаар тодорхой алхамууд хийх нь чухал гэдгийг цохон тэмдэглэсэн байна.


Үүнээс гадна, гурван улсын удирдагчид Дээд Радагийн баталсан украин хэлний тухай хуулийн талаар хэлэлцжээ. "Украины Үндсэн хууль, Минскийн гэрээ болон үндэстний болоод хэлний цөөнхийг хамгаалахад хүлээсэн Киевийн олон улсын үүргийг зөрчиж буй уг баримт бичгийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцүүлэхээс зарим улс татгалзсантай холбоотойгоор талууд эргэлзэж буйгаа илэрхийлсэн" гэж Кремль мэдээлэв.  


Иран болон Сирийн асуудал

Путин, Макрон, Меркель нар мөн Ираны асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, худалдаа-эдийн засгийн салбарт Тегерантай цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдгээ талууд нотолсон байна. Гурван улсын удирдагчид мөн “олон улсын тогтвортой, аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл” болох Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх гэрээг хэвээр хадгалах нь зайлшгүй чухал болохыг цохон тэмдэглэжээ.


Үүний сацуу, гурван улсын удирдагчид Сирийн асуудлаар санал бодлоо солилцож, Идлиб мужид байлдааны ажиллагааг зогсоох дэглэмийг зөрчихөд хэт давруу үзэлтнүүдийн зэвсэгт бүлэглэлүүд оролцсонд гол анхаарлаа хандуулсан байна.


Путин мөн Сирийн баруун хойд нутгийн байдлыг тогтворжуулах, энгийн иргэдийг хамгаалах, террорист аюул заналаас урьдчилан сэргийлэхийн тулд Турк улстай хамтран хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийнхээ талаар Макрон, Меркель нарт мэдээлжээ. Талууд түүнчлэн Сирид Үндсэн хуулийн хороо байгуулах асуудлыг хэлэлцсэн байна.


Европын Зөвлөлийн Парламентын ассамблейтай холбоотой нөхцөл байдал

Үүнээс гадна, Макрон,  Меркель нар Путинтэй утсаар ярихдаа, ОХУ-ын төлөөлөгчдийн Европын Зөвлөлийн Парламентын ассамблей дахь эрхийг бүрэн сэргээхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.


“ОХУ-ын төлөөлөгчдийн Парламентын ассамблей дахь гол бүрэн эрхүүдийг хууль бусаар цуцалсны улмаас Европын Зөвлөлд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах нь аль алиндаа тустай гэдэгтэй санал нэгдсэн” гэж Кремлийн мэдээлэлд дурдсан байна


Талууд мөн янз бүрийн түвшинд холбоо харилцаагаа цаашид үргэлжлүүлэхээр тохиролцжээ.


Холбоотой мэдээ