Дархан хотын хүүхдийн паркт казино барихаар төлөвлөснийг эсэргүүцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-22 18:51:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан хотын хүүхдийн парк буюу “Миний Монгол” соёл амралтын хүрээлэнгийн газар дээр гадны хөрөнгө оруулалтаар казино бүхий цогцолбор барихаар төлөвлөснийг аймгийн Залуучуудын холбооноос эсэргүүцэж буйгаа өнөөдөр илэрхийллээ.

Дарханы хүүхдийн паркийг анх 1972 онд байгуулсан, 45.5 га газартай Монголдоо томоохон паркийн нэг гэдгийг залуус дурдаж байлаа. Газрыг нь 2008 онд тусгай хамгаалалтад авсан ч аймгийн ИТХ-аас 8.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргаж “Дархан минж” компанид эзэмшүүлсэн байна. Үүнтэй зэрэгцэн 15 га газарт нь казино байгуулах зураг төслийг БНСУ-ын “Индалим” гэх компаниар хийлгээд буйг залуучууд олж мэджээ.


Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд энэ талаар хэлэхдээ, “Бид казино болон зочид буудал барих гэсэн зураг төслийг үзсэн. Их өндөр өртөгтэй байсан. Жирийн хүн ийм өндөр үнэтэйгээр энэ ажлыг хийлгэж чадахгүй. Тиймээс бид үүний ард аймгийн удирдлага байгаа гэж хардаж байна” гэв. Мөн тэрээр, “Манай аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл-хөтөлбөрт 2018 онд гурван тэрбум төгрөг төсөвлөн Хүүхэд, залуучуудын цогцолбор барихаар тусгасан юм. Гэтэл мөн оны зургадугаар сард дээрх төсвөөс 1.2 тэрбум төгрөгийг салган зөвхөн хүүхдийн тоглоом оруулж ирэх хязгаарлагдмал тендер зарлаж, “Ти Эс Жи” гэх компани шалгарч зургаан тоглоом оруулж ирсэн. Зарим тоглоом нь хуучин байсан.


Төсвийн мөнгөөр тоглоом худалдаж авахаас гадна түүнийгээ суурилуулна гэж дахин тендер зарлахад “Минж проперти”, “Бурхантын Ирээдүй” гэсэн хоёр компани нэгдэж ялсан. Гэтэл тухайн хоёр компани нь соёл амралтын хүрээлэнд газар авсан “Дархан минж”-ийн охин компаниуд юм. Менежментийн хувьчлал нэрээр ялсан тус компаниуд хүүхдийн тоглоом суурилуулах, олон улсын зам дагуух 8.4 га газрыг тэр чигээр нь Орон нутгийн тусгай хамгаалалтаас гарган хувьчилж авахаар болсон байна. Энд Дархан-Уул аймгийн Засаг дарга болон ИТХ-ын дарга нарын ашиг сонирхол нуугдаж байна” гэсэн юм.


Тэд Дархан хотын Хүүхдийн соёл амралтын хүрээлэнгийн газартай холбоотой дээрх үйл явдлыг аймгийн удирдлагаас гадаадын компанид Монголын газар нутгийг эзэмшүүлж ашиглуулан худалдах нөхцөлийг бүрдүүлж буй хууль бус үйлдэл хэмээн үзэж таслан зогсоохын төлөө тэмцэхээ илэрхийллээ.

Б.Халиун

Холбоотой мэдээ