Олон улсын статистикчид Улаанбаатарт чуулж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-05-23 16:27:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөрийн Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн олон улсын уулзалт Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Уулзалтаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын мэдээллийн санг НҮБ-ын мэдээллийн системтэй холбох талаар хэлэлцсэн юм.

Манай улс 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд, нэг ч ядуу хүнгүй, нийгэм, эдийн засаг, байгаль орчны хувьд нийгэмдээ ээлтэй улс орон болох зорилтод нэгдээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлж, ирээдүй, хойч үедээ нийгэм, эдийн засаг, байгаль орчны хувьд ямар нэг хохирол учруулахгүй, ухаалаг амьдралын хэв маягт бүрэн шилжихийг зорьж байгаа юм. Энэ хүрээнд Дэлхийн банкны Ухаалаг засаг төсөл”-ийн дэмжлэгтэйгээр манай улсад “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэлийг хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангаж, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлгийн уулзалт болж байна.

Энэ талаар Дээд түвшний бүлгийн даргаар сонгогдоод байгаа манай улсын ҮСХ-ны дарга А.Ариунзаяагаас тодруулбал, “Манай улс Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд, түүнийгээ дүгнэж үнэлэхийн тулд статистик болон төрийн бусад байгууллага хоорондоо уялдаа холбоотой ажиллах юм гэдгийг хэлэлцэж байна. Зөвхөн статистикийн байгууллагууд гэлтгүй олон улсын хандивлагч байгууллага-донорууд хэрхэн ажиллах талаар ч хөндөж байна” гэсэн юм.

Уулзалтад оролцож байгаа НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга Стейфан Швайнфест хэлэхдээ, “Бид Монголд зөвхөн статистикийн системийг бэхжүүлэх талаар төдийгүй, Дээд түвшний бүлгийн гишүүнчлэл, түүний үүрэг оролцооны талаар хөндөж байна” гэсэн юм. Тэрээр 2020 онд Швейцарь улсад болох гурав дахь удаагийн Дэлхийн дата чуулганы баримт бичгүүдийг хянаж боловсруулах, статистикийн санхүүжилт, НҮБ-ын статистикийн системийг илүү үр ашигтай болгох талаар энэ удаагийн Улаанбаатарын уулзалтаар хэлэлцэж байгааг онцлон хэлж байв. НҮБ-ын Статистикийн хэлтэс нь улс орнуудын мэдээллийг нэгтгэж, гишүүн орнуудынхаа статистикийн системийг сайжруулан, байгууллагын чадавхийг бэхжүүлж дэмжиж тусалдаг байна.



НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030 хөтөлбөрийн Дээд түвшний бүлэг нь 13 бүсийг төлөөлсөн 24 улсын статистикийн газар, хэлтсийн дарга нараас бүрддэг юм. Улаанбаатарын уулзалтад НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид, Дээд түвшний бүлгийн гишүүд, олон улсын байгууллага болон хандивлагч байгууллагын төлөөлөл бүхий 30 гаруй улсын зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирээд байгаа юм. Тухайлбал, Дэлхийн банкны Хөгжлийн мэдээллийн бүлгийн дарга Хайшан Фу, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын статистикийн хэлтсийн дарга Гэмма Ван Халдэрэн, НҮБ-ын ХХАА-н байгууллагын статистикийн хэлтсийн дарга  Хосе Росеро Монкаё, Их Британийн олон улсын хөгжлийн яамны мэдээллийн багийн ахлагч Реичел Биавэн, Парис 21-ийн дэд нарийн бичгийн газрын менежер Эль Иза зэрэг томоохон зочид төлөөлөгчид оролцож байна. Мөн АНУ, Ангол, Аргентин, Дани, Унгар, Эквадор, Кени, Танзани, ӨАБНУ, Суринэм,  Мьянмар, Их Британи, Мароккогийн Вант Улс, Шри Ланка, Итали, Палестин, Швейцарь зэрэг 20 гаруй улс орны статистикийн дарга, статистикчид нэгэн дор цуглаад байна.

 

Б.Болд

Холбоотой мэдээ