Тайванийн эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-24 15:56:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Цэргийн гуравдугаар нэгдсэн эмнэлэг, Юань Рун эмнэлэг, “Luxury Wellness” олон улсын эрүүл мэндийн платформын төлөөлөгчид “Улаанбаатар травел экспо-2019”-д оролцож, Тайванийн эрүүл мэнд болон эмнэлгийн аялал жуулчлалыг таниулан сурталчилж байна. Тус үзэсгэлэн энэ сарын 24-26-нд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд гарах юм.


Цэргийн гуравдугаар нэгдсэн эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн дарга Фанг Вэнь Хуй хэлэхдээ, “Тайванийн эрүүл мэндийн салбарын ололт, технологи зарим улсаас хол түрүүлсэн. Тухайлбал, хорт хавдар, эсийн оношилгоо эмчилгээ, зүрхний өвчин, хүүхдийн төрөлхийн эмгэг, элэг шилжүүлэх мэс засал, хиймэл үе солих ажилбар, үргүйдэл зэргийг дурдаж болно. Иймд олон улсын эрүүл мэндийн зах зээлд өрсөлдөхүйц, өндөр технологи бүхий эмчилгээ, сайтар бэхэжсэн чанартай үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна” гэв.

“Luxury Wellness” олон улсын эрүүл мэндийн платформын удирдах зөвлөлийн дарга Ли Бин Кун, “Орчин үеийн хүмүүс “Аз жаргалтай амьдрахын тулд хамгийн гол нь эрүүл аж төрөх” гэдгийг чухалчилж байгаа өнөө үед эрүүл мэндийн аялал жуулчлал шинээр хүч түрэн гарч ирж байна. Тайвань дөрвөн улирал бүхий таатай уур амьсгалтай тул Монгол анд нөхдийн хувьд, өвлийн хүйтэн улиралд Тайваньд зорчих нь тохиромжтой сонголт болохын зэрэгцээ чанартай, боломжийн үнэ бүхий эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг эдлэх бүрэн бололцоотой” гэлээ.

Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн үгэндээ, “2018 онд Америкийн Блүүмбэргийн эрүүл мэндийн үр ашгийн индекс (Bloomberg Health-Care Efficiency Index)-т дурдсанаар, Тайвань дэлхийд 9-т орж байна. Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний үнэ тариф Америк, Япон зэрэг орноос харьцангуй хямд юм. Өдгөө Тайванийн эмчилгээний аялал жуулчлалын шугамаар ихэнх нь Зүүн өмнөд Азийн болон Хятадын эх газрын иргэд очиж байна. Цаашдаа монгол анд нөхдийг Тайваньд очиж үйлчлүүлэхийг хүсэж байна” гэсэн юм.


Холбоотой мэдээ