Бүгд найрамдах Литва улсад оюутан сургах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-24 16:15:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр Бүгд Найрамдах Литва улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд хатагтай Ина Марчиулионыг хүлээн авч уулзах үеэр, боловсрол, соёл, спортын салбарт хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. 


Судалгааны чиглэлээр хамтран ажиллах, их дээд сургуулийн хооронд хамтын ажиллагаа тогтоох, багшийн мэргэжил дээшлүүлэх, оюутан солилцох байдлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа дэд сайд илэрхийлэв. 

Хатагтай Элчин сайд, одоогоор БНЛУ-д суралцаж байгаа нэг ч монгол оюутан байхгүй. Монгол Улсаас оюутан суралцуулах, их дээд сургуулийн хооронд хамтын ажиллагаа тогтоох, Монгол судлалын тэнхим байгуулах боломжтой. БНЛУ байгалийн шинжлэх ухаан, биотехнологийн чиглэлээр тэргүүлдэг. Тиймээс энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургалтын төлбөрөөс чөлөөлөх, тэтгэлэг олгох боломжтой талаар танилцуулж, энэ асуудлыг нарийвчлан хэлэлцэхээр тогтлоо. 

Токиогийн олимпын маргаашаас 2024 оны Парис хотноо болох зуны олимпын бэлтгэл эхлэнэ. Тиймээс ирэх 4 жилд Европын улсуудтай хамтарсан бэлтгэл зохион байгуулахыг манай улс зорьж байна. Энэ хүрээнд хамтарсан бэлтгэл хийх, Монгол Улсад сагсан бөмбөгийн мэргэжлийн дасгалжуулагч ажиллуулах талаар санал солилцов. Учир нь, БНЛУ сагсан бөмбөгийн спортоор дэлхийд амжилттай яваа юм. Мөн спортын хамтын ажиллагааны хүрээнд Литва улсад жүдо, чөлөөт бөхийн тамирчин бэлтгэхэд туслах боломжтой гэдгээ манай талаас илэрхийллээ. 

Хоёр улсын Үндэсний музейн хооронд хамтын ажиллагааны талаар яриа хэлцэл хийж байсан. Энэ ажлыг идэвхжүүлэх, харилцан соёлын ажил, кино өдрүүд зохион байгуулах, монгол киног арилжааны чиглэлээр Литва улсад гаргах талаар ч санал солилцов.

 

Холбоотой мэдээ