Нууранд унасан малын сэг зэмийг устгаж халдваргүйжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-27 12:32:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж, байгалийн гамшгийн улмаас малчдад учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар хэлэлцэв.

Ховд аймгийн нийт нутгаар тавдугаар сарын 10,11-нд хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан. Үүнээс шалтгаалан 7 сумын нутагт  80 орчим айл өрхийн гэр унаж, улмаар 18 айлын гэр дахин ашиглах боломжгүй болжээ.

Мөн Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар болох Буянт сумын Цагаанбургас багийн нутаг Цагаан, Намаг, Хэрс, Завсар зэрэг газар орчимд нутаглаж байсан айл өрхийн 250 гаруй бог, 120 бод мал нууранд унаж малчид багагүй хохирол амсжээ. Түүнчлэн Мөнххайрхан, Үенч суманд нийт 852 толгой мал хорогдсон мэдээ байна.

Үүнтэй холбогдуулан нууранд унасан малын сэг зэмийг хэрхэн устгах, байгалийн гамшгийн улмаас малчдад учирсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, нууранд унасан малын сэг зэмийг устгах ажлын санхүүжилтийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж, устгал, халдваргүйжүүлэлт хийж гүйцэтгэхээр болов. Мөн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас малчдад учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тодорхойлж, Улсын Онцгой комисст уламжлахаар боллоо гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ