Их Британи дахь монголчуудын волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-27 14:55:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Британийн Лондон хотноо энэ сарын 26-нд болсон Их Британи дахь монголчуудын волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд “West London” баг, эмэгтэйчүүдийн ангилалд “Blue Sky” тэргүүллээ.

 


Эрэгтэйчүүдээс дэд байрыг Хийморь, гутгаар байрыг “Найзууд”, эмэгтэй багаас дэд байрыг “Соёмбо”, гутгаар байрыг “Хийморь” баг эзэлсэн байна. Мөн тэмцээний шилдэг эрэгтэй довтлогчоор “Хийморь” багийн тамирчин Н.Алтансүх, эмэгтэй шилдэг довтлогчоор “Blue sky” багийн тамирчин Т.Индра тодорчээ. Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр, уламжлал болгон зохион байгуулахаар тогтсон байна.

 


Тэмцээний шүүгчээр Волейболын спортын ОУХМ Л.Нарантуяа, В.Хэрлэн, Ц.Бямбасүрэн, Волейболын спортын мастер Л.Цоггэрэл, Ч.Баярмаа, Ч.Хулан, Ч.Энхцэцэг, Н.Золбоо нар ажиллажээ. Ерөнхий зохион байгуулагчаар Их Британи дахь монголчуудын волейбол сонирхогчдын клуб, хамтран зохион байгуулагчаар Монгол улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам, Их Британи дахь Монголчуудын холбоо ажилласан байна. Мөн тэмцээнийг А.Дагийням, Лондон дахь “Жи-Студи МН”, “Master Beauty Salon”, “Анир Day Spa” зэрэг хувь хүн, байгууллагууд дэмжин ажиллажээ.

 


Тэмцээний үеэр Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулгыг Монголын волейболын Холбооны “90 жилийн ойн хүндэт медал”, Их Британи дахь монголчуудын волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг санаачлагч, волейболын спортын мастер З.Отгонбаярыг Монголын волейболын холбооны “хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнав.

 


2016 онд Швед улсын Стокхолм хотноо болсон Европ дахь монголчуудын волейболын аварга шалгаруулах дөрөв дэх тэмцээнд оролцохоор Их Британид амьдардаг таван залуу нэгдсэн нь гурван жилийн хугацаанд клуб болон өргөжиж, анхдугаар тэмцээнээ ийнхүү зохион байгууллаа.

 


Дашрамд дурдахад, Европ дахь монголчуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ онд ХБНГУ-ын Берлин хотноо болно.

Холбоотой мэдээ