“Walt Disney” хуучин бүтээлүүдээрээ яагаад дахин кино хийх болов?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-27 16:07:57

ЛОНДОН. /Би-Би-Си/.Walt Disneyкино компанийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг “Аладдин” хүүхэлдэйн киноны бүрэн хэмжээний кино дэлгэцнээ гараад удаагүй байгаа бол “Араатны хаан арслан” бүрэн хэмжээний кино зуны дунд сард дэлгэцнээ гарах юм. “Walt Disney” компани хуучны шилдэг бүтээлүүдээрээ яагаад дахин кино хийх болов? 


“Араатны хаан арслан” бүрэн хэмжээний кинонд Симбагийн тухай өгүүлэх хүүхэлдэйн киноны гол утга санаа давхацдаг. Энэхүү киноны найруулагчаар 2016 онд “Ширэнгэн ойн ном”-ыг дахин хийсэн Жон Фавро ажиллажээ. “Ширэнгэн ойн” ном кино үзэгчид төдийгүй шүүмжлэгчдийн зүгээс магтаал сонссон юм.


Одоо кинотеатруудаар гарч буй “Аладдин” бүрэн хэмжээний киноноос гадна Японы "Покемон" цуврал хүүхэлдэйн киноны Пикачугийн тухай өгүүлэх бүрэн хэмжээний кино дэлгэцнээ гарч байгаа билээ. 


Түүнчлэн зааны тугал Дамбогийн тухай өгүүлэх бүрэн хэмжээний кино “Disney” компанийн сүүлийн дөрвөн жилд өмнө нь хийсэн бүтээлээрээ дахин хийсэн 4 дэх кино болсон юм. Үүний өмнө “Disney” компани “Үнсгэлжин”, “Ширэнгэн ойн ном”, “Араатан ба гоо үзэсгэлэн” бүтээлээрээ дахин бүрэн хэмжээний кино хийсэн юм.


Эргэн дурсахуй

“Хүмүүс эргэн дурсах дуртай байдаг. Энэ нь магадгүй хүнд хэцүү цаг үеийг даван туулах хүчтэй сэтгэл хөдлөл нь байж болох юм. Хүмүүсийн амьдралдаа маш чухал ач холбогдолтой гэж үздэг зүйл нь өнгөрсөн дэх “би”, одоогийн “би” хоорондын мэдрэмж юм. Ийнхүү өнгөрснөө эргэн дурсах дурсамжууд нь хүнд илүү сайхан мэдрэмжийг төрүүлж өнгөрснөөс илүү сайхан дүр зургийг бүтээхэд тусалдаг юм.” хэмээн Лондонгийн эзэн хааны коллежийн сэтгэл судлалын багш Вейнанд ван Тилбург ярьжээ.



Хүүхэд нас 

Өнгөрснөө санан дурсах дуртай хүмүүстэй та олон удаа таарч магадгүй юм. 22 настай Эмили Талбут их сургуульд сурч байх хугацаандаа Флорида дахь “Disney” цэнгэлдэх хүрээлэнд 2 жил ажиллажээ.


Түүний ажил нь хүмүүсийг инээлгэж, найрсаг зочломтгой уур амьсгалыг бүрдүүлэх үүрэгтэй байжээ.


“Энд ирдэг олон хүн хүүхдээ гэртээ орхиод ирсэн байдаг. Учир нь хүүхдүүд Диснейн баатруудад тийм ч сонирхолтой байдаггүй” хэмээн Эмили ярьжээ.


Бодит байдлаас зугтах нь хүмүүсийн Диснейн ертөнцөөр аялах шалтгаануудын нэг болдог гэж тэрбээр боддог аж.  


“Диснейн ертөнцөөр аялах нь хүүхэд насандаа эргэн очих хүсэл юм. Бид Диснейн хүүхэлдэйн кинонуудыг хэдэн мянган удаа үзсэн билээ. Диснейн ертөнц бол гадаад ертөнцийг харахыг хүсэхгүй байгаа үед бидний авахыг хүсэж буй аюулгүй байдлын мэдрэмж юм” хэмээн тэрбээр ярьжээ. 


Хэтэрхий яарч байна

Диснейн томоохон шүтэн бишрэгчийн хувьд хүүхэлдэйн кинонуудыг дахин бүрэн хэмжээний кино болгож хийж байгаад санаа зовниж байгаагаа Эмили илэрхийлжээ.


“Нэг түүхээ дахин дахин үзсэнээр шинэлэг байдлаа алдах эрсдэлтэй юм. Сэтгэгдэл дахин анхных шигээ байна гэдэгт итгэлгүй байна” хэмээн тэрбээр ярьжээ.


“Араатны хаан арслан” гарсны дараа “Disney” компанийн “Мулан” бүрэн хэмжээний кино биднийг хүлээж байна. 2021-2023 оны хугацаанд жүжигчид болон хүүхэлдэй дүрүүдийг хослуулсан нийт 9 киног гаргах тухайгаа “Disney” компани мэдэгдсэн байна. Эдгээр 9 кино бүгд дахин хийгдсэн бүрэн хэмжээний кино болж магадгүй байгаа аж.


Мулан киноны гол дүрд тоглох жүжигчин Лю Ифэй


Эдгээр кино дунд “Нотр Дамын бөгтөр”, “Питер Пэн”, “Пиноккио” зэрэг бүтээл багтаж магадгүй байна.


Сэтгэл санаагаа өргөхийн тулд өнгөрснөө эргэн дурсах

Өнгөрснийг эргэн дурсах нь өөрийгөө чухал гэдгийг мэдрэхэд хүмүүст тусладаг. Хүмүүс сэтгэл санаагаа өргөхийн тулд өнгөрснөө эргэн дурсдаг" хэмээн Вэйнанд ван Тилбюрг ярьжээ


Сэтгэл судлалын багшийн үзэж байгаагаар өөрийгөө үнэлэх үнэлэмжийн асуудалтай юмуу өөрийгөө алдчихсан мэдрэмж төрдөг хүмүүст өнгөрснөө дурсан санахыг хүсэх мэдрэмж илүү төрдөг аж. Сүүлийн үед залуучууд гэр бүл, найз нөхдөөсөө илүү тусгаарлагдсан гэдгээ мэдэрч, өнгөрснөө эргэн дурсах нь энэ асуудлуудаа даван туулах арга зам нь болдог байж магадгүй болохыг нийгмийн санал асуулга харуулжээ.

 

Холбоотой мэдээ