УИХ-ын дарга олон улсын статистикчдын төлөөллийг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-05-27 18:51:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн Дээд түвшний бүлгийн 14 дэх удаагийн статистикчдын олон улсын уулзалтад оролцсон төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Дээд түвшний бүлгийн уулзалт Улаанбаатар хотноо тавдугаар сарын 22-25-нд болж статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын талаар хэлэлцсэн юм. Төгсгөлийн хуралдаан Төрийн ордонд болох үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар олон улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Тэрээр олон улсын статистикчдын хуралдаан амжилттай өндөрлөсөнд баяр хүргээд, “Дээд түвшний бүлэг гишүүн орнынхоо статистикийн системийг сайжруулан, байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд дэмжин тусалж байгаа нь сайшаалтай. Энэ нь манай улсын хувьд нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.





НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн Дээд түвшний бүлэг нь 13 бүсийг төлөөлсөн 24 улсын статистикийн газар, хэлтсийн дарга нараас бүрддэг юм. Улаанбаатарын уулзалтад НҮБ-ын Статистикийн хэлтсийн дарга тэргүүтэй, Дээд түвшний бүлгийн гишүүд, олон улсын байгууллага болон хандивлагч байгууллагын төлөөлөл, 30 гаруй улсын зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.

Уулзалтанд Дэлхийн банкны хөгжлийн мэдээллийн бүлгийн дарга Хайшан Фу статистикийн төв байгууллагууд, донор байгууллагын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбооны талаар, Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман “Улсын хэмжээний зохицуулалтын онцлох зүйлс” сэдвээр, Дани улсын Статистикийн газрын дарга Мацей Трущински өөрийн улсын бодлого болон статистикийн байгууллагын үйл ажиллагааны талаар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.



Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын статистикийн хэлтсийн дарга Гэмма Ван Халдэрэн НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын үйл ажиллагааны талаар, “Парис 21-ийн дэд нарийн бичгийн газрын менежер Эль Иза 21-р зууны статистикийн хөгжлийн түншлэл”-ийн талаар танилцуулж, 2020 онд Швейцарт болох НҮБ-ын гурав дахь удаагийн дата чуулганы баримт бичгүүдийг хянах, статистикийн санхүүжилт, НҮБ-ын статистикийн системийг илүү үр ашигтай болгох талаар хэлэлцэн амжилттай өндөрлөлөө.

Б.Болд

Холбоотой мэдээ