Улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар өмчлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-29 12:11:18

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр 30 гаруй асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн 2016 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг хавсралтаар баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэд үүрэг болголоо.

2016 онд улсын хэмжээнд нийт 29820.97 га газрыг гэр бүлийн зориулалтаар, 39,26 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мөн 2016 онд улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэхээр төлөвлөсөн нийт 29820.97 га газрын 4,5 хувийг одоо эзэмшиж, ашиглаж байгаа хашааны газар, 93 хувийг шинээр өмчлүүлэх газар, 2,5 хувийг улсын чанартай автозам дагуух газар эзэлж байгаа бол аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн газрын 6,5 хувийг үр тариа,  55,1 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалттай, 38,2 хувийг газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалттай газар тус тус эзэлж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 оны тавдугаар сарын 01-нээс 2015 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 446004 иргэн 47840,58  га газрыг өмчилж авсан байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа

Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасныг үндэслэн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлыг тусгасан гэрээ”-г тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулах гэрээний загварыг баталлаа.

Нутгийн захиргааны байгууллагатай хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аль аль нь гэрээ байгуулж ажиллана. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай байгуулах гэрээний хугацааг талууд хоорондоо харилцан тохиролцож байхаар тусгажээ.

Стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь аймгийн аймгийн Засаг дарга гэрээ байгуулах бөгөөд энэ асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэхээр тусгажээ.

Энэхүү загвар гэрээ байгуулагдсанаар аймаг, сум, дүүргийн түвшинд янз бүрийн гэрээ хийдэг байсныг нэг мөр болгож, гэрээнд оролцогч талуудын үүрэг хариуцлага тодорхой болж байгаа юм. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчээс оруулж буй хөрөнгө оруулалт нь орон нутаг, хүн амын хөгжилд хэрхэн үр өгөөжтэй зарцуулж байгаа хийгээд ил тод шударга ойлгомжтой харилцааг хөрөнгө оруулагчид болон орон нутгийн иргэдэд бий болгох чухал ач холбогдолтой байх болно.

Гэрээний хэрэгжилттэй холбоотой төсөл хөтөлбөрийн ач холбогдлыг орон нутгийн иргэдэд таниулах, иргэдийн оролцоо бүхий хамтын ажиллагааны хороо ажиллуулж байх, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн сум, дүүргийн иргэдийн санал, хүсэлтэд суурилсан, ИТХ-аар батлагдсан орон нутгийг хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаас сонгон төсөл хөтөлбөр хамтран боловсруулахаар  гэрээнд мөн тусгагджээ.

Товч мэдээ

Гадаадын тусламж авах, удирдах, бүртгэх, тайлагнах журмыг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болорт даалгаж, тус журмын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч байгууллага, нэгжүүдийн үйл ажиллагаанд мөрдөгдөх гэрээний загвар, маягтуудыг баталж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.

Дотоодын үйлдвэрлэлийг гадаад худалдаанаас учирч болох хохирлоос хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган батлан, хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. 

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2015 оны байдлаар 80,2 хувьтай гарлаа.

Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны хэрэгжилтийн тухай хэлэлцээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д танилцуулахаар тогтлоо.

Засгийн газрын тухай хууль, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын 1999 оны 27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн тус тогтоолын хавсралтаар баталсан зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг хавсралтаар тогтоолоо.

2015 онд иргэдээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. 2015 онд төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 515740 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 503014 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж өгсөн нь 97,5 хувийн үзүүлэлттэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ