Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-29 12:13:30

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталлаа

УИХ-ын 2013 оны тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, энд тусгагдсан төсөл, арга хэмжээг жил бүр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, концессын гэрээ байгуулах замаар болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарт даалгалаа.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталснаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий  төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, хотын доторх төрийн захиргаа, худалдаа үйлчилгээ, банк санхүүгийн нэг төвт төвлөрлийг задалж, сарниулах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг салбар бүрт тэгш, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэн эрүүл мэнд, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн хот бий болгох зорилго хэрэгжих юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ