Л.Дандар баатар энэ өдрийг төрсөн өдрөө болгон тэмдэглэдэг байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-28 18:14:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халх голын дайны анхны тулалдаан болж, монгол цэргүүд анхны ялалт байгуулсан өдөр бол 5 дугаар сарын 28. Энэ түүхэн ялалтын өдрийг тохиолдуулан БНМАУ-ын Гарамгай баатар Лодонгийн Дандарын эрэлхэг гавьяа, амьдрал тэмцлийн түүхийг өгүүлсэн “Домогт баатар Дандар” номын нээлт өнөөдөр Шангри-Ла төвд боллоо. Л.Дандар баатрын каракуль малгай, нөмрөг, цэргийн хувцас, сэлэм, дашмаг, сумны суран зүүлт, баатрын үнэмлэх, цээж баримал тэргүүтнийг залсан нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байлаа. 


Өвөө маань өөрийнхөө тухай нэг их юм ярьдаггүй байсан. Тэр их үхэл, амьдрал булаацалдсан тулаанд хүний мөн чанар тодоос тод илэрч, тухайн хүнийг чухам хэн бэ гэдгийг ямар ч баггүйгээр гаргаж тавьдаг тул, тэнд нүдээр үзсэн гамшиг зовлонг дахин дурсахаас халширдаг байсных болов уу. Харин 5 дугаар сарын 28-ны энэ өдөр Халх голын анхны тулалдаан болж, анхны ялалтаа монгол цэргүүд байгуулжээ. Өвөө минь энэ өдрийг байнга дурсаж, төрсөн өдрөө болгон тэмдэглэдэг байсан. Өвөөгийнхөө номыг бичих бодол төрж, материал цуглуулж бичсээр олон оныг үдэн, Халх голын ялалтын 80 жилийг ойг угтан хэвлүүллээ" гэж номыг бичсэн Гарамгай баатарын ууган хүү Д.Ганбаатарын бага охин Г.Гангамөрөн нээлтийн мялаалга өргөлөө. Номынхоо дээжийг ч аавдаа барив.


Мөн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ц.Гарамжав, БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, БХ-ын дэд сайд Т.Дуламдорж нарын хүндэт зочдод ч номоо өргөн барилаа. Л.Дандар баатартай  олон жил нөхөрлөсөн Төрийн шагналт, Ардын уран зохиолч, МУСГЗ П.Бадарч дурсамжаа мөн хуваалцав.



"1951 оны үед байх аа. Би жаахан банди ээжтэйгээ наадам үзэж явахад алаг морьт баатар Дандар гэгч хүн өхөөрдөн үнсэж чихрээр шагнаж байсныг санадаг. Дараа нь олон жилийн хойно Офицерын ордонд утга зохиолын ажилтнаар ажиллаж байхдаа Л.Дандар баатартай хамт олон ч уулзалт, аялалд оролцсон. Тэр үедээ "Дайн гэдэг хүсэх юм биш, тулаад ирвэл зугтах юм биш" гэсэн алдарт үгийг нь тогтоож авсан. Баатрын хишгийг ч их хүртсэн. Баатартаа зориулж олон ч шүлэг бичсэн" гээд нулимсаа дуслуулав. 


 Л.Дандар баатрын ууган хүү, 74 настай Д.Ганбаатар, “Аав маань 1914 онд төрсөн. 1923 онд хошуу, засаг захиргааны нэгж өөрчлөгдөж, одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сум, хуучин "Сазан Бүрэгийн хошуу" нэртэй байсан. Сазан Бүрэг гэдэг нь "Уулын хаан" гэсэн утгатай үг л дээ. Аавын маань ахан дүүс уулзахаараа "Сазан Бүрэгийнхэн" гээд сүйд болцгоодог юм. Миний аав тэр үеийн л хүмүүстэй адил хүүхэд насаа өнгөрөөж, ЗХУ-д цэргийн мэргэжлээр суралцсан хүн. Зан төлвийн хувьд, ямар ч хүнтэй яриа дэлгэн ярилцана. Дарга ч бай, цэрэг ч бай ялгаагүй. Харин хэлмэгдэж явснаа дурсах дургүй. 1974 онд цагаатгагдаж, хураалгасан Улсын баатар цолоо буцаан авснаар нь би хэлдмэгджээ, цагаатгагдсан гэж бат итгэсэн. Энэ үгээ ч өнөөдөр хэлчихье. Миний охин Гангамөрөн энэ номонд хүмүүсийн мэдэхгүй, олны дунд ташаа ярьдаг байсан хэлмэгдлийн тухай тодотгон бичсэн. Номын онцлог нь үүнд байгаа гэж бодож байна" гэж ярилаа.


  Д.Ганбаатарын гэргий Ч.Цэрэндэжид, "Энэ буянтай, эрэлхэг баатар хүний бэр болсноо би азтай гэж боддог. Баатрын удам судрыг сайнаар үлдээж, үр хүүхдээ сайхан өсгөхийн төлөө зүтгэсэн. Манай найман хүүхэд ажил төрөл сайтай, сайн явна. Отгон охин Гангамөрөн маань өвөөгийнхөө тухай ном хийж, ойр дотны олон хүнийг урьж, номын баяр хийж байгаад үнэхээр баярлаж байна" гэлээ. 


Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар үр хүүхэд, гэр бүлийнх нь урилгаар ирснээ дуулгангаа "Бид бага байхдаа алдарт баатар, алаг морьт Дандар гэж дуулсан. Их л том агуу баатар гэж боддог байсан. Өнөөдөр ийм түүхэн баатрын номын нээлтээр дуугаа дуулж байгаадаа маш их баярлаж байна" гээд ая дуугаа өргөв.

Л.Дандар баатрын өөрийнх нь бичсэн дурсамжийн "Гал дөлөн дунд" ном байдаг билээ. Харин ач охин Г.Гангамөрөнгийн бичсэн "Домогт баатар Дандар" номонд урьд олон нийтэд ил болоогүй хэлмэгдлийн баримт, ураг төрлийн угийн бичиг, ховор гэрэл зургийг багтаасан нь үнэ цэнэтэй бүтээл болсон байна. Номыг МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Б.Сарантуяа хянан редакторложээ.  


Холбоотой мэдээ