Баянзүрх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг үүдээ нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-28 16:35:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хороонд орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 50 орны хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтад орлоо.


БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр барьсан тус эмнэлэг нийт гурван давхар, 800 ам дөрвөлжин метр талбайтай бөгөөд шүд, дүрс оношилгоо, хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг, хүлээн авах хэсгээс бүрджээ. Тухайлбал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд бүрэн тохиромжтой орчин үеийн багаж хэрэгсэл, ЭХО аппарат болон нярайн шарлалтыг хэмжих фото аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангагджээ. Уг эмнэлэгт хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллах юм. Нийт 28 ажиллагсадтай тус дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 16 хүртэлх насны 13.345 хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтэд хэлсэн үгэндээ, “Баянзүрх дүүрэг бол 340 гаруй мянган иргэн, оршин суугчтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Тэр дундаа 16 хүртэлх насны 120 гаруй мянган хүүхэд багачууд энэ дүүрэгт амьдардаг. Гэр хорооллын захын дүүрэгт анх удаагаа олон улсын стандартад нийцсэн, хүүхэд багачуудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоог цаг алдалгүй үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх боломжтой, 25 төрлийн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийх хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж байгаад баяртай байна” хэмээв. Мөн “Энхтайван найрамдлын сангийн хамт олон өмнө нь манай Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори, Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг, Төв аймгийн Зуунмод хотод хүүхдийн цэцэрлэг барих гээд хүмүүнлэгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа ч энэ мэт олон сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт зэрэг эрүүл  мэнд, боловсролын чиглэлийн төсөл хөтөлбөрийг нийслэл хоттой хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэсэн юм.

Хотын захирагч нээлтэд оролцсоныхоо дараа хүүхдийн амбулаторитой танилцан, тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүслээ.

Нээлтийн ёслолд НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад холбогдох албаны төлөөлөл, эмнэлгийн эмч, ажилчид, тус хорооны иргэд, хүүхэд багачууд оролцов.


Холбоотой мэдээ