“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр 31 мянган хүүхэд хамрагджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-05-29 15:30:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орон даяар хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 31 мянган хүүхэд хамрагдаж, эрүүл шүдтэй боллоо гэж НЭМГ мэдээлэв.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар тус хөтөлбөрт 31618 хүүхэд хамрагдсанаас, шүдний цоорлын эмчилгээг 16 951 хүүхэд, сувгийн эмчилгээг 5621 хүүхэд, үлдсэн нь урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, шүд авахуулах, шүдний ховил битүүлэх эмчилгээг тус тус хийлгэсэн байна.

ЭМЯ хүүхдийн шүдийг нэг удаа үнэ төлбөргүй эрүүлжүүлэх зорилт тавин энэхүү хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэх юм. Энэ хугацаанд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийхээр төлөвлөжээ. Эхний ээлжинд буюу энэ онд 2-6 насны хүүхдийг хөтөлбөрт хамруулах аж.
Одоогоор 161 эмнэлэг 2-6 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байна. 


Холбоотой мэдээ