АХБ-наас эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд 38 сая ам.долларын зээл олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-05-29 18:33:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуур, Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

 Улмаар эдийн засгийн хүртээмжтэй хөгжил, байгаль хамгааллын загвар болгох зорилгоор АХБ-наас 38 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг өнөөдөр баталлаа. Энэ нь Монгол орны байгалийн цогцолбор газрыг тогтвортой аялал жуулчлалын загвар болгон хөгжүүлэхэд үзүүлж буй дэмжлэг болж буйг АХБ-наас мэдэгдэж байна.

 Дээрх дэмжлэг нь Дархан цаазтай газрын удирдлага, аялал жуулчлалын чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт юм.  Зээлийн төслийн үр шимийг орон нутгийн 11 мянган иргэн хүртэх бөгөөд байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох болон нөлөөллийг бууруулах чиглэлээр орон нутгаас авч хэрэгжүүлж буй ажлыг илүү сайжруулах юм.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт орших Хөвсгөл нь Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур юм. Харин Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Чингис хааны төрсөн нутаг билээ.

“Аялал жуулчлал нь дэлхийн эдийн засгийн хурдацтай хөгжиж буй томоохон салбар. Монгол Улс гайхам сайхан байгаль, өвөрмөц өв соёлоороо дамжуулан энэхүү салбараас орлого олох бүрэн боломжтой. Энэ ч утгаараа, АХБ-ны дэмжлэг нь Монгол орны аялал жуулчлалын салбарын хөгжлөөс нутгийн иргэд хүртэх, эмзэг онгон байгалиа урт хугацаанд хамгаалахад тус болно” хэмээн АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Бизайн онцлон хэлж байна.

АХБ-ны дээрх санхүүжилт  нь Монгол Улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх 2016-2030 оны үндэсний хөтөлбөртэй нийцэж буй. Мөн эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн Засгийн газрын стратеги, үйл ажиллагаанд дэмжлэг болох юм. Монгол Улсын Засгийн газраас эко аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар өөр олон бүс нутгийг товлоод байгаа бөгөөд эдгээр нь АХБ-ны дэмжлэгтэй төслийн хүрээнд үр өгөөж хүртэх боломжтой.

 

Холбоотой мэдээ