МУГЖ Г.Ариунбаатар ОХУ-д ажиллаж амьдарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандарын эрэлхэг гавьяа, амьдрал тэмцлийн түүхийг өгүүлсэн “Домогт баатар Дандар” номын нээлт мягмар гарагт Шангри-Ла төвд болсон билээ. Шинэ номын нээлтэд хүрэлцэн ирж, ая дуугаа өргөсөн МУГЖ Г.Ариунбаатартай таван хором хөөрөлдөв. Тэрбээр, ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт гэрээгээр ажиллахаар болжээ.
-Ойрд үзэгдсэнгүй, гадаадад тоглож байгаад ирэв үү?
- Аа, гадагшаа явж дуулаад ирлээ. Энэ гуравдугаар сард ОХУ-ын Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа “Риголетто” дуурийн гол дүрд тоглосон.
-ОХУ руу дахин явж дуулах юм уу?
- Харин тийм. Зургаадугаар сарын 1-нээс ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт ажиллах гэрээтэй. ОХУ-д амьдрах болохоор бичиг баримт бүрдүүлэх гээд виз жаахан удааширлаа. Хөөцөлдсөөр саяхан бүтэж байна. Удахгүй ОХУ руу явна. ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, амьдрахаар хэсэгтээ суурьших нь шиг байна.
-Тэнд ямар ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Очоод үндсэн ажилдаа орно. Тэгээд л уран бүтээлийнхээ дараа дараагийн төлөвлөгөөг гаргана даа.
-“Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж байгаа. Үүнийгээ яах вэ?
- “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах саналыг анх хүлээж авахдаа өөртөө туршлага нэмье л гэж бодсон. Монголынхоо авьяастнуудыг шоу нэвтрүүлгээр шүүхэд шинэ юм сонсож, үзэх мэдрэмж их сонирхолтой байлаа. Монголчуудын маань авьяас дундрашгүй байдаг юм байна. Өөрөө шүүлгэж явсан хүний хувьд, шүүгч байх их хариуцлагыг энэ үед мэдэрсэн. Дараа жилийн шоуны шүүгчээр ажиллах эсэхийг хэлж мэдэхгүй байна.
-Их л залуухандаа МУГЖ болсон санагдаж байна. Хэдтэй байсан бэ?
-23 настай байсан.
- "Чингис хаан" одонг ч хамгийн залуудаа хүртсэн байх аа?
-Тийм байх. Дэлхийд, олон улсад Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн гэж л олгосон болохоор улам л хариуцлагатай, гадаадад дуугаа түгээж явах урам хайрласан гэж боддог. Тиймээс хичээнгүй ажиллаж байгаа.
-Уран бүтээлийн олз омогтой ажиллахыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Монголын үзэгч түмнийхээ итгэл найдварыг алдахгүй, шинэ шинэ бүтээл хийх хүсэл их байна.
Монголын болон дэлхийн дуурийн урлагт баритон хоолойгоороо танигдан олон улсын хүндтэй театрын урилга авч буй дуучин Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд "Чингис хаан" одонгоор шагнуулсан. ОХУ-ын Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт хэд хэдэнтээ очиж сайн дуулсан тул Буриадын Төрийн шагнал хүртжээ. СУИС төгсүүтээ Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгад дуучнаар ажиллаж байсан. Гэвч Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт дуулан Оросын үзэгчдийн талархал хүлээсэн тул одоо урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт дуулах гэж байна. Зүгээр нэг дуулаад ирэхгүй, тэндээ суурьшин амьдарч, дуулах болсон юм байна.