Шведэд буй монгол хүүхдэд эх хэлээр нь боловсрол олгох асуудлыг хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-30 12:03:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын албаны дарга Я.Баттогтох нар Швед Улсад ажлын айлчлал хийж байна.


Айлчлалын хүрээнд, тус улсын улсын парламентын үйл ажиллагаатай танилцахаас гадна Шведийн Хаант Улсын парламентын Тэргүүн дэд дарга хатагтай Оса Линдэстам төлөөлөгчдийг хүндэтгэн хүлээн авч, зоог барив.

Уулзалтын үеэр, парламентын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Швед улсын парламентад Швед-Монголын парламентын бүлгийг байгуулах асуудлаар санал солилцлоо. Мөн эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш байдлыг хангах асуудлаар Швед улсын туршлагыг судалж, тус улсад амьдарч буй монгол иргэдийн нийгмийн асуудал, тодруулбал, монгол хүүхдэд эх хэлээр нь боловсрол олгох асуудлыг хөндөн ярилцав.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн, Монгол-Шведийн парламентын бүлгийн дарга Ц.Цогзолмаа УИХ-ын дарга Г.Занданшатараас Шведийн Хаант Улсын парламентын дарга ноён Андреас Норленд ирүүлсэн Монгол Улсад албан ёсоор ажлын айлчлал хийх урилгыг гардуулав.

Холбоотой мэдээ