Хүүхдийн гэмтэл согогийн тасгийг бүрэн тохижуулж засварлажээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-05-31 10:26:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ 1991 онд ашиглалтад орсноос хойш засвар  хийгээгүй 40 ортой Хүүхдийн гэмтэл согогийн 2 дугаар тасгийг Эрүүл мэндийн сайдын багцаас санхүүжүүлж орчин үеийн стандартад нийцсэн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тохижуулан иж бүрэн засвар хийжээ.

Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл тус төвийн тохижилт, үйл ажиллагаатай танилцав. Өнгөрсөн онд тус эмнэлгийн ихэнх тасагт иж бүрэн засвар хийсэн хэдий ч Хүүхдийн гэмтэл согогийн тасаг үлдээд байсан юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирж байгаа хүмүүсийн 30-40 хувь нь хүүхдүүд байдаг. Өдөрт тус тасгаар дунджаар 150-160  хүүхэд ирж тусламж үйлчилгээ авдаг. Тиймээс хүүхдийн тасаг ачаалал ихтэй учир засвар хийх шаардлагатай байсныг эмнэлгийн удирдлагууд хэлж байв.

Тус тасагт АНУ, Япон, БНСУ, Франц зэрэг өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлсэн, хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн ахлах болон тэргүүлэх зэрийн эмч нар ажилладаг. Хүүхдийн тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны гэмтэл, төрөлхийн болон олдмол согогийг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан эвийн болон мэс заслын аргаар эмчилж байна.

Энэ үеэр үндэсний “Тоди” живх үйлдвэрлэгч “Сүлд шонхор” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 10 телевизор, 5000 хүүхдийн живхийг бэлэглэн цаашид жил бүр тус төвтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн Юнител групп 10 ширхэг HDbox төхөөрөмжийг бүх өрөөнд байршуулж, суурилуулалтыг үнэгүй хийж, суурь хураамжаас чөлөөлжээ.

Хэвтэн эмчлүүлж буй хүүхдэд нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг үзэх, боломжийг олгосон дээрх 2 байгууллагад ГССҮТ-ийн хамт олон болон эцэг эхчүүд баярласнаа илэрхийллээ.

Мөн салбарын сайд тус төвийн Өдрийн эмчилгээний өрөөний үйл ажиллагаатай танилцсан юм. Өдрийн эмчилгээний өрөөгөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй боловч биеийн байдлыг ажиглах, жижиг мэс ажилбар хийлгэх, мэс заслын дараах эмчилгээ үйлчилгээ авах шаардлагатай иргэдийг хүлээн авч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.


Холбоотой мэдээ