Үлэг гүрвэлийн музейгээр 60 хүүхэд аялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-31 16:57:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улаан загалмай нийгэмлэг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан Үлэг гүрвэлийн музейтэй хамтран “Хөөрхөн зүрхнүүд-2“ аян хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд, хүчирхийллийн эсрэг төсөлд хамрагдсан айл өрхийн хүүхэд багачуулд өнөөдөр музей үзүүллээ. 

Үлэг гүрвэлийн музейг 2-14 насны 60 гаруй хүүхдэд үзүүлж, гарын бэлэг гардуулсан байна. Нийслэлийн тавдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Дэлгэржаргал 6 настай дүүгээ хөтлөөд аянд оролцсон сэтгэгдлээ, “Хүүхдийн баяраар дүү бид хоёрт бэлэг өгч, музейтэй танилцуулсан эгч нартаа маш их баярлалаа. Өнгөрсөн жил бид “Тэнгис” кино театрт кино үзээд, зөндөө их тоглосон. Энэ жил ч баяр маань гоё л эхэлж байна” гэж хуваалцав. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улаан загалмай нийгэмлэгийн арга зүйч П.Үнэнбаяр, “Бид  хоёр дахь удаагаа Улаан загалмай нийгэмлэгийн “Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг” төсөлд хамрагдсан айл өрхийн хүүхдийг музей үзэх аялалд оролцууллаа. “Хөөрхөн зүрхнүүд-1“ аянг энэ оны эхээр Үлэг гүрвэлийн музей, Монгол Японы Боловсролын төвтэй хамтран зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй хүүхдийг баярлуулсан юм" хэмээн ярив.

Холбоотой мэдээ