Музейн сан хөмрөг Дундговийн урчуудын бүтээлээр баяжив

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-01 08:38:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Үндэсний дээл хувцас, хатгамал, зээгт наамал, зүү ороох, сийлбэр, үндэсний хөгжмийн зэмсэг, эмээлийн гөлөм, монгол гутал, малын эвэр, ясаар хийсэн бэлэг дурсгалын зүйлс, үндэсний уламжлалт модон хувин, хөөрөг, мөнгөн эдлэл гээд маш олон эд зүйлсийг Дундговьчууд урлаж, соёлын биет бус өвийг тээж явдаг. Тэдний төлөөлөл болсон урчуудын бүтээлийн үзэсгэлэнг тавдугаар сарын 31-нд аймгийн Музейд нээлээ.

Тус үзэсгэлэнд Сайнцагаан сумын иргэн Д.Буян-Орших, С.Өлзийсайхан, Ц.Оюунчимэг нарын урласан эсгий урлал, Г.Отгонбямбын зүү ороон урласан даалин, зүү ороож оёсон жаазалсан бүтээл, Х.Сувдаа, М.Эрдэнэчимэг нарын урласан уран хатгамал, зээгт наамал, Ш.Ганболдын урласан модон шатар, эвэр, ясан сийлбэр, А.Таяагийн урласан шир, булигааран гөлөм, монгол гутал, аяны богц, морин хуур, С.Бат-Эрдэнийн урласан саалийн зэс тоног, бүслүүртэй модон хувин, Ш.Цэрэн, Б.Цэрэнлхам нарын урласан монгол үндэсний дээл, Б.Балжиннямын урласан гоёл чимэглэлийн мөнгөн эдлэл гээд тэдний ур ухаанаар бүтсэн, давтагдашгүй, гайхамшигтай бүтээлүүд тавигджээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр аймгийн Музейн захирал М.Бямбажав хэлсэн үгэндээ: "Та бүхэн бол соёлын биет бус өв тээгчид, та нарын энэ ур ухаан, уран чадвар, авьяас билиг бол соёлын биет бус өв юм. Энэ өвийн биет бүтээл болсон эдгээр үзмэр манай музейн танхимд үеийн үед тавиастай олны сонирхол татсаар байх болно” хэмээн онцолж хэлсэн юм.

Дундговь аймгийн Музейд тус аймгийн үе үеийн урчуудын бүтээсэн давтагдашгүй бүтээлүүд Соёлын биет бус өв болон хадгалагдан байдаг бөгөөд өнөөдөр үзэсгэлэн гаргасан урчууд ч гэсэн өөрсдийн бүтээлээсээ аймгийн музейн сан хөмрөгт бэлэг болгон өгч байгаа ажээ.

Энэ үеэр аймгийн Музейгээс үзэсгэлэнгээ гаргаж, музейн сан хөмрөгт давтагдашгүй өөрийн бүтээлээ бэлэглэсэн урчууддаа С.Бат-Эрдэнийн урласан саалийн хувинг бэлэг болгон өглөө. 

Холбоотой мэдээ