Тахийн сүрэг дөрвөөр нэмэгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-06-03 08:57:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чех улсаас манай улсад зургадугаар сарын 19-нд дөрвөн тахь ирнэ.

Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн дөрвөн гүү авчрах юм байна. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын дарга Н.Батбаяр хэлэхдээ, Удахгүй ирэх тахийн гүүнүүдийг бид хүлээн авч ижил сүрэгт нь нийлүүлнэ. Амьтны хүрээлэнд байсан тахь тал хээр идээшиж буй тахиас дасан зохицох байдал нь өөр байдаг. Тиймээс ирж буй тахиудыг эхлээд дасгаад говийн тусгай хамгаалалттай А-Б газарт нутагшуулна. Манай говийн Тусгай хамгаалалттай газар нутагт одоо тахийн сүрэг 230 гаруй болоод байна” гэв.

Үүний өмнө Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахь авчирч Монгол Тахийн нуруунд тавьж байсан юм. Одоогийн байдлаар, манай улсад Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газар тахийн сүрэг 60 унагаар бүл нэмж, нийтдээ 600 гаруй тоо толгой болоод байна. Тухайлбал, Говь- Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд жил бүр 3-4 тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд тахийн тоо толгой өсөж байна.

Тодруулга: Дэлхийд “Пржевальскийн адуу” нэрээр алдаршсан монгол тахь нь XX зуун хүртэл байгальдаа үлдэж хоцорсон цорын ганц зэрлэг адуу байв. Харамсалтай нь өнгөрсөн зууны 60-аад оны үед устаж үгүй болсон бөгөөд байгальдаа үлдсэн хамгийн сүүлийн тахийг 1968 онд Зүүнгарын говьд харж байжээ. Харин 1990-ээд оны сүүлээс Европт амьтны хүрээлэнгүүдэд үлдсэн тахиудыг байгальд нь нутагшуулж эхэлсэн юм. Ингэснээр монгол адууны өвөг гэгддэг тахийн сүрэг унаган байгальдаа идээшин өсөж үржих болсон.

Б.Болд

Холбоотой мэдээ