Буриадын депутатууд Монголд эдийн засгийн форумд оролцож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-29 18:13:47

УЛААН-ҮД. /vt-inform/. ОХУ-ын Буриад улсын Ардын их хурлын депутатууд Монголын Дархан хотод болж буй олон улсын эдийн засгийн форумд оролцож байна. Уг форум нь харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эдийн засгийн бааз суурийг бий болгоход оролцогч орнуудын эрх баригчид, бизнес эрхлэгчдэд туршлага солилцоход үр дүнтэй хэлэлцүүлгийн талбар юм гэж Буриадын Ардын их хурлын дарга Цырен-Даши Доржиев форумыг нээж үг хэлэхдээ мэдэгдлээ гэж тус улсын парламентын хэвлэлийн алба мэдээлжээ.

“Орос-Монголын харилцаа тасралтгүй, эрчимтэй хөгжиж байгаад бид баяртай байна. Парламент хоорондын хэлхээ холбоо өргөжиж, хоёр талын худалдааны уналтыг даван туулж, эдийн засгийн харилцааг цогцоор нь хөгжүүлэх шинэ хэтийн төлөв нээгдэж байна” гэж Цырен-Даши Доржиев хэлсэн байна.

Буриадын Ардын их хурлын даргын хэлснээр, Буриад, Монголын гадаад эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл нь эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн аж үйлдвэрийн цогцолбор, тээврийн харилцаа, мөн шинжлэх ухаан-соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, соёлын салбар юм.

Тэрбээр 2015 онд Буриадад зорчих Монголын жуулчдын урсгал эрс нэмэгдсэнийг дурдсан байна. Энэ нь хэдийгээр эдийн засгийн байдал тогтворгүй байгаа ч жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний болон аялал жуулчлалын салбар амжилттай хөгжихөд нөлөөлжээ. “Айлчлалынхаа явцад бид энэ нааштай хандлагыг бэхжүүлэх, Буриад, Монголын хамтын ажиллагаанд шинэ түлхэц өгөхөд хамтран ажиллах зорилго тавина” гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн байна.

Монголын Дархан хот болон Буриадын нийслэл Улаан-Үд хот 1967 онд ах, дүү хот болжээ. Өнгөрсөн хугацаанд талууд төлөөлөгчдөө нэг бус удаа солилцож, хамтарсан төслүүд хэрэгжүүлсэн байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ