Х.Баттулга: Байнгын бэлтгэл сургууль нь улс орноо хамгаалах үндэс болдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-04 17:51:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд найм дахь удаагаа болж буй Марш тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд өнөөдөр эхэллээ.


Энэ жилийн тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүргийн найман байгууллагын 500 гаруй тамирчин оролцож байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат болон бусад албаныхан оролцов.



Тэмцээнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга хэлэхдээ, “Тусгай чиг үүргийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү тусгай бэлтгэлийн тэмцээн чухал ач холбогдолтой. Тэмцээний цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж, алба хаагчид идэвхтэй оролцох болсон. Монгол цэрэг, хууль сахиулах алба хаагчид дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэх явцдаа хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа гайхагдаж байгаа нь байнгын бэлтгэл, хамтын ажиллагааг сайжруулдаг марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн гэж хэлж болно. Тэмцээнд түрүүлэх нь чухал хэдий ч багийн ур чадвараа нэмэгдүүлж, бие бүрэлдэхүүнээ сорьж оролцох нь тэргүүний зорилго юм.  Тайван цагт хөлс их гаргавал дайны цагт цус бага урсана гэж мэргэн үг байдаг. Байнгын бэлтгэл, сургууль нь тулгарсан сорилыг давах чадвар болж, улс орныг батлан хамгаалах, хууль сахиулах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх үндэс болдгийг ямагт санаж яваарай. Тэмцээнд оролцож буй нийт бие бүрэлдэхүүнд амжилт хүсье” гэв.



Ийнхүү тэмцээнд оролцож буй байгууллагын тугийг мандуулж, энэ жилийн Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн албан ёсоор эхэлсэн.  Тэмцээнд Цагдаа, дотоодын цэрэг, ОБЕГ, ШШГЕГ, ТЕГ, Батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын баг тамирчид жагсаалын бэлтгэл, буудлага, саадтай зурвас, хөнөөлийн голомтод ажиллах зэрэг төрлөөр өрсөлдөх юм байна.


Энэхүү тэмцээн хоёр жилд нэг удаа болдог бөгөөд салбар байгууллага бүрийн маршийн тэмцээн, уралдаанд тэргүүлсэн шилдгүүд өрсөлддөг онцлогтой.


Д.Цог-Эрдэнэ: Бид "Монгол Улсын төлөө зүтгэе" гэдэг нэг тангарагтай



Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн эхлэх үеэр, тэмцээний нэг хэсэг гардан тулааны төрөлтэй сэтгүүлчид танилцлаа.

Энэ үеэр  Гардан тулааны төрөлд шүүгчээр ажиллаж буй ЗХЖШ-ын Биеийн тамир, спортын тасгийн дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, “Бид “Монгол Улсын төлөө зүтгэе” гэсэн нэг тангарагтай. Үүнд тэмцээний гол агуулга оршдог. Тусгай чиг үүргийн байгууллагууд энхийг дэмжих ажиллагаанд хамтран оролцдог. Энэхүү тусгай бэлтгэлийн тэмцээн нь тэднийг ур чадвараасаа харилцан суралцаж, хамтын ажиллагаагаа сайжруулахад чухал нөлөө үзүүлдэг” гэв. Тэрбээр, “Гардан тулааны төрөл нь алба хаагчийн бие хамгаалах ур чадварыг сайжруулах, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой. Мөн гардан тулалдах итгэл үнэмшлийг нэмэгдүүлдэг” гэлээ.



Гардан тулааны тэмцээний үеэр Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын багийн тамирчин, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Обьект хамгаалах салбарын харуул, ахлагч Б.Гантулгатай уулзсан юм. Тэрбээр, “Энэхүү тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 13 мянган бие бүрэлдэхүүнийг төлөөлөн оролцож байна. Мөрдөс зүүж, тусгай чиг үүргийн байгууллагын нэгэн хэсэг болсны хувьд энэхүү тэмцээнд оролцох нь хамгийн том бахархал, нэр хүндийн хэрэг. Манай байгууллага 97 жилийн түүхтэй бөгөөд тусгай бэлтгэлийн тэмцээнд гурван удаа хүрэл медаль хүртэж байсан амжилттай” гэв.



Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр гарааны өмнөх ажиллагаа, жагсаалын үзүүлэх тоглолт, биеийн тамирын норматив гэсэн гурван хэсэгт хуваагдаж, өрсөлдөнө. Харин маргааш үндсэн тэмцээн буюу 10 км-т гүйх "марш"-ийн тэмцээн болох аж. Тамирчид багаараа 10 км-т гүйхдээ, гранат шидэх, ерөнхий цэргийн саадын зурвас туулах, гар буу, автомат буугаар буудах, эзлэгдсэн обьектийг чөлөөлж авах, тактикийн ажиллагаа, байгалийн болон зохиомол саад туулах зэрэг сорилыг давна. Харин эмэгтэй багийн хувьд, 6 км-ийн саадыг туулах юм байна. 

 


Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлийг хангах, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээн нь цэргийн мэргэжлийн онцлог, түүний ач холбогдлыг бие бүрэлдэхүүнд ойлгуулах, залуусыг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өв тэгш, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай болгон төлөвшүүлэх чухал ач холбогдолтой юм.  Мөн Монгол цэргийг дэлхийд алдаршуулах нэрийн хуудас болсон НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс гадна ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ-ын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэх болсон нь энэхүү тэмцээний үр дүн гэдгийг албаныхан онцолж байлаа. Тэмцээнд тусгай чиг үүрэг бүхий байгууллага тус бүрээс байнгын бүрэлдэхүүний болон хугацаат цэргийн алба хаагчдын салаа, эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг оролцдог уламжлалтай. Энэ жилийн Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээний аварга маргааш тодорно.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээний нээлтэд оролцсоны дараа 33 жилийн ойг нь тохиолдуулан Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Энэ анги нь 2003 оноос хойш 17 мянга орчим цэргийн алба хаагчдыг энхийг дэмжих ажиллагааны өмнөх дадлага, сургуульд хамруулсан байна. Үүгээр зогсохгүй, зэвсэгт хүчний аварга шалгаруулах спортын уралдаан, олон улсын цэргийн дадлага сургуулийг тогтмол зохион байгуулж, монгол цэрэг дэлхийн цэрэг хэмээн үнэлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хөдөлмөрийг үнэлжээ. Монгол цэргээс гадна гадаадын 16 мянга орчим энхийг сахиулагч бэлтгэснийг тус ангийн захирагч, хурандаа Д.Дугаррагчаа одон гардуулах үеэр онцолсон юм. 

Гэрэл зургийг: Т.Чимгээ

Холбоотой мэдээ