Хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал цуглаан Аргентинд болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-04 13:00:24

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Өнгөрсөн даваа гарагт Аргентины хэдэн мянган иргэн эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг эсэргүүцэн Буэнос-Айрес хотын гудамжинд жагсаал цуглаан хийжээ.


Нийслэл хотод болсон жагсаал цуглаанд оролцогчид Конгрессын байрны дэргэд цугларч дараа нь Майн талбай хүртэл эгнээ үүсгэн алхжээ. Жагсаал цуглааны хүрээнд хэд хэдэн ажиллагааг зохион байгуулсан байна. Тухайлбал, жагсаал цуглаанд оролцогчдын нэг Конгрессын байрны өмнө хөх ягаан өнгийн эмэгтэй гутал тавьж, хажууд нь амиа алдсан болон алга болсон охид, эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалтыг тавьсан байна.


Түүнчлэн жагсаал цуглаанд оролцогчид үр хөндөлтөд тавьсан хоригийг цуцлахыг шаардсан зурагт хуудас барьжээ. Аргентин улсад хүчингийн хэргийн хохирогч болсон юмуу эх, хүүхдийн амь насанд халтай гэж үзсэн тохиолдолд л үр хөндөлтийг зөвшөөрдөг байна. Бусад тохиолдолд үр хөндөлт нь гэмт хэрэгт тооцогддог аж. 

Холбоотой мэдээ