Өнөөдөр байгаль, хүрээлэн буй орчноо хамгаалах дэлхийн өдөр

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-06-05 09:59:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна.  

Анх 1973 оноос эхлэн хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн өдөр буюу Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэж иржээ.

Улс орнууд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, агаар орчны бохирдлыг бууруулах, газрын бүрхүүл, зэрлэг амьтдыг хамгаалах, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ зэрэг байгаль орчны тулгамдсан асуудалд улс орон бүр анхаарлаа төвлөрүүлж, энэ өдөр төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэ жилийн Дэлхийн байгаль орчны өдрийг дэлхий даяар агаарын бохирдлыг бууруулж (Beat Air Pollution) арилгах сэдвийн хүрээнд олон нийтэд мэдлэг, мэдээлэл сайн туршлага, тогтвортой хэрэглээ, хог хаягдлын менежмент, бэрхшээлийг даван туулах талаар дэлхийн улс орны Засгийн газрууд хэрэгжүүлж буй ажил, хүчин чармайлтаа тайлагнан, төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Жил бүрийн Дэлхийн байгаль орчны өдрийг аль нэг улсын Засгийн газар манлайлж ажилладаг бөгөөд энэ удаад Хятадын Засгийн газар манлайлж ажиллана.

Өнгөрсөн 2018 онд энэ өдрийг Хуванцар хог хаягдал: хэрэглээг бууруулах, үүссэн хог хаягдлын менежмент” сэдвээр дэлхий даяараа анхаарал хандуулж Энэтхэгийн Засгийн газар манлайлан ажилласан юм.

Байгаль орчны дэлхийн өдрийг анх “Хүний хүрээлэн буй орчин” уриан дор тэмдэглэж байсан бол 2010 онд “Нэг ертөнц-нэг ирээдүй", 2011 онд “Байгаль дахь ой модыг хамгаалах үйлчилгээ”, 2012 онд "Ногоон эдийн засаг” зэрэг нэрийн дор тэмдэглэж ирсэн юм. Үүнээс гадна улс орон бүр өөрийн уриаг дэвшүүлэн гаргадаг. Үүнд, “Маргаашийн ногоон өдөр сайн байна уу?”, “Байгальд ээлтэй байгууламжийг дэмжье”, “Байгальдаа заавал биелүүлэх амлалт” зэрэг өөрийн орны онцлогийг харуулсан хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэдэг байна. Манай улсад энэ өдрийг энэ жил агаарын бохирдлын эсрэг тэмдэглэх гэж байна.

Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан өнөөдөр МУИС-д “Хүрээлэн буй орчин-2019" эрдэм шинжилгээний анхдугаар хурал зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурлаар Агаарын бохирдол ба шийдэл, Хог хаягдлын менежмент, Усны бохирдол ба шийдэл сэдвүүдийг хөндөж байна.

Б.Болд

 

 

 

Холбоотой мэдээ