Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 700 гаруй мод тарив

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-06-05 16:41:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-наас “Дэлхийн байгаль орчны өдөр” болон хүчирхийллийн эсрэг тэмцэгч, энх тайвныг эрхэмлэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жил, дэлхий дээрх тав дахь том шашин болох Сикхийг үндэслэгч Гүрү Нанак Дэв жи Багичигийн мэндэлсний 550 жилийн ойг тус тус тохиолдуулан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгалаа.


УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, “Улс орны хөгжил тэр дундаа аз жаргалтай хотыг илэрхийлэх гол зүйлийн нэг нь ногоон байгууламж юм. Үр хойчдоо тав тухтай, эрүүл орчныг үлдээхийн тулд одооноос төрийн бүхий л шатны байгууллага, иргэд, аж ахуйн нэгж анхаарах ёстой. Өнөөдрийн үйл ажиллагаа хоёр улсын найрамдалт харилцааны нэг илэрхийлэл болохын сацуу хүүхэд залууст байгаль орчноо хайрлаж хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гар бие оролцох боломж олгож байна” хэмээн онцлов.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, “Эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ мод тарьж амралтын өдрөө өнгөрөөвөл хамгийн сайхан өгөөжтэй амралт болохоос гадна бидний хойч үе байгаль дэлхийтэйгээ зөв харьцах, өсөж өндийсөн газар орноо хайрлан хамгаалах сэтгэлтэй болж төлөвшинө. Дэлхийн байгаль хамгаалах өдөр тохиож байгаа энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод суулгахаар хүүхэд, залуус олноороо ирсэнд баяртай байна” гээд Монгол, Энэтхэг улсын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байгааг харуулсан ажил болж буйг тэмдэглэн хэлэв.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 2 га орчим талбайд шилмүүст, бутлаг, навчит зэрэг зургаан зүйлийн 700 гаруй мод суулгасан юм.

Мод суулгахад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Ч.Дамбажав болон Монгол Улсад ажиллаж амьдарч буй энэтхэг иргэд, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллеж, Сити дээд сургууль, Улаанбаатар Элит дунд сургуулийн оюутан, сурагч зэрэг нийт 130 гаруй хүн оролцов.


Дашрамд дурдахад, 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ.  Энэ өдөр байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалсан хамгийн томоохон тэмдэглэлт өдөр юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр  дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудалд  дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах,  тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг аж.



 

Холбоотой мэдээ