Өдөр бүр 10 000 алхацгаая!

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ulzii@montsame.mn
2019-06-05 16:57:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооноос “Өдөр бүр 10 мянган алхам алхацгаая!” уриалга гаргажээ.


Аливаа улс орны хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн асуудал нь тухайн орны хөгжил, хэрэглэж буй хоол хүнсний бүтэц, хангамж, экологийн тэнцвэрт байдал, нийгмийн сэтгэл зүй зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг боловч хүний өөрийн хөдөлгөөн хамгийн чухал болохыг эрдэмтэд судлан тогтоосон байна.

 

2016 онд дэлхийн улс орнуудын хүн амын дундаж наслалтаар эхний байранд Монако улс 89,4 жил, удаах байранд Япон улс 85,3 жил, Сингапур 85,2 жил, Чад улс хамгийн бага буюу 49,8 жил байна. Монгол улс 69,6 жилээр 159-д бичигджээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2016 онд Монголын хүн амын дундаж наслалт 69,6, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,1, эрэгтэйчүүдийнх 65,6 байна. Мөн 2016 оны байдлаар Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд Зүрх-судасны тогтолцооны өвчин (10.000 хүн амд 17,5) орж байгаа бөгөөд үүнийг үүсгэж байгаа шалтгааны 70 гаруй хувийг цусны даралт ихсэх өвчин эзэлж байна. Чихрийн шижин өвчин бодисын солилцооны өвчлөлийн 48.9 хувийг эзэлж байна.

 

Харвардын Их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор өдөр бүр түм алхсанаар зүрхний цусан хангамж дутагдах өвчнөөс 55 хувь сэргийлнэ. Вашингтоны Их сургуулийн спортын анагаахын эрдэмтдийн тогтоосноор тархинд цус харвах эрсдэл 50 хувь, чихрийн шижингээр өвдөх эрсдэл 58%, уушгины архаг өвчнүүдийн сэдрэлт, уушгины цочмог үрэвсэл 40-50 хувь, цөс, бөөрний чулуу үүсэх өвчин 20-30 хувь тус тус буурдаг болохыг тогтоосон байна.

 

Алхалт нь гэртээ, ажлын байрандаа, дороо алхах гэх мэт тусгай нөхцөл, тоног төхөөрөмж шаардагдахгүй, тохиромжтой цагаа өөрөө сонгон өөртөө тохируулан хийж болох дасгал юм.

 

Монгол улсынхаа хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлж, дундаж наслалтыг уртасгах нь юу юунаас эрхэм чухал болохыг гүнээ ухамсарлан, Монголын Үндэсний Олимпын Хороо, Спортын эмнэлгийн холбоо хамтран нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хүн бүр өдөрт 10.000 алхацгаая” хөдөлгөөн өрнүүлж, сурталчилж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

 

“Амьдралын үнэт эрдэнэ” болсон эрүүл мэндийнхээ төлөө хүн бүр өдөрт түмээс доошгүй алхаж, өөртөө эрүүл энх, аз жаргалыг бэлэглэцгээе!

Холбоотой мэдээ