Норманди-75: Холбоотны цэргийн десантын талаарх бидний мэддэггүй 10 баримт

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-06-06 09:00:56

Одоогоос яг 75 жилийн тэртээ буюу 1944 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Их Британи, АНУ, Канадын зэвсэгт хүчний десантын ангиуд Нормандийн эрэгт буусан нь Францын баруун хойд нутгийг Германы цэргээс чөлөөлөх “Оверлорд” стратегийн ажиллагааны эхний үе шат байлаа.


Хэдийгээр цаг агаар таагүй байсан, Германы цэргүүд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан боловч тухайн өдрийн орой гэхэд Нормандийн эрэгт 156 мянган цэрэг, офицер буусан байлаа. 

 

“D-өдөр” ажиллагааны явцад нийтдээ явган цэргийн 5, агаарын десантын 3 дивиз болон танкийн нэг бригад Англи, Америкийн секторуудад бууж, эргийн дагуух 3-5 км-ийн өргөнтэй зурвас газруудыг эзлэн авчээ. 7-ний өдөр гэхэд түшиц газруудыг бүгдийг нь чөлөөлсөн бөгөөд "Оверлорд" бол дэлхийн түүхэн дэх хамгийн том тэнгисийн цэргийн десантын ажиллагаа юм. Энэ өдрөөс хойш 11 сарын дараа нацистын Герман бууж өгсөн билээ.


Энэхүү үйл явдлын түүхэн ойг тохиолдуулан Нормандид буусан холбоотны цэргийн десантын талаар бидний тэр бүр сайн мэддэггүй 10 сонирхолтой баримтыг толилуулж байна.


1. Гэрэл зураг ба ил захидлуудын эрэлд


Бүр 1942 онд Би-Би-Си агентлагийн мэдээнд “Норвегиос Пиреней хүртэлх Европын эргийн дагуух газруудаас гэрэл зургууд болон ил захидлууд цуглуулж байгаа” тухай дурдсан байлаа. Үнэн хэрэгтээ энэ нь холбоотны десантыг буулгахад тохиромжтой эргийн дагуух газар орны талаар мэдээлэл цуглуулах тусгай ажиллагаа байлаа. Үүний үндсэн дээр десант буулгахад хамгийн тохиромжтой газраар Нормандийг сонгожээ.

Олон сая ширхэг гэрэл зургийг Батлан хамгаалах яам руу илгээсэн бөгөөд Францын Эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхтэнүүд ба агаарын тагнуулын албаны тусламжтайгаар десант буулгах газруудыг нарийвчлан тогтоосон байна.


2. Зэрэглээ мэт арми


Нормандид бус харин Кале-Булонь гэдэг газарт холбоотны десант буух гэж байна хэмээн германчуудыг итгүүлэхийн тулд холбоотнууд маш олон арга чарга хэрэглэжээ.


Дайсныг төөрөлдүүлэхийн тулд радио, сонин хэвлэлийг ашигласнаас гадна десант буулгах газрыг дүрсэлсэн макетууд хийж, бүхэл бүтэн хуурамч хотхонууд болон нисэх онгоц буудлуудыг барьж байв.


Дайсны агаарын болон газрын суурин тагнуулуудыг төөрөлдүүлэхийн тулд Кент гүнлэгт цэргийн баазууд гэж харагдахаар хуурамч барилга байгууламжуудыг босгожээ.


Хийлдэг танкууд болон цэргүүдийг дууриалгасан дүрс манекенууд, байгууламжийн макет загваруудыг байрлуулсны зэрэгцээ хуурамч мэдээлэл зориудаар цацаж байлаа. Ингэснээр холбоотнууд Па-де-Кале болон Норвегиор дамжин довтлох гэж байна хэмээн германчуудыг үнэмшүүлж чаджээ.


“D өдөр” өнгөрчихөөд байхад германчууд дараагийн довтолгооныг няцаахын тулд Кале-гийн районд гол хүчээ байрлуулсан хэвээр байв.


3. 2 сая цэрэгтэй арми


1944 он гэхэд 12 улсын 2 сая гаруй цэрэг бүхий арми десантын ажиллагаанд бэлтгэн Их Британийн нутаг дэвсгэрт байрлаж байлаа.


“D өдөр” болоход холбоотны цэргийн хүчин үндсэндээ АНУ, Их Британи, Канадын цэргүүдээс бүрдэж байснаас гадна түүний бүрэлдэхүүнд Австрали, Бельги, Чех, Холланд, Франц, Грек, Шинэ Зеланд, Норвеги, Родези /одоогийн Зимбабве/ болон Польшийн тэнгис, агаар болон хуурай замын цэргийн ар талын албадууд багтаж байв.

"Нийтийн ялалтын төлөө бүгдээрээ хамт" франц хэлээр хэвлэгдсэн зурагт хуудас 

4. Цаг агаарын байдлыг тандсан нь  


Ажиллагааг удирдагчид десант буулгах өдрийг маш нарийн тооцоолон товложээ. Ажиллагаа явуулахад хамгийн тохиромжтой цаг бол бүтэн сар гарч, далайн хаврын түрлэг үүсэх үе байлаа. Гэхдээ ийм нөхцөл бүрдэнэ гэдэг бол десант буулгахад хэдхэн өдөр тохиромжтой гэсэн үг.


Эхэндээ ажиллагаа явуулах өдрийг 6 дугаар сарын 5 гэж товлосон боловч цаг агаар таагүй байсан учраас 24 цагаар хойшлуулжээ.


5. Хатагтай Роммелийн шинэ туфль


Цаг уурын байдал үнэхээр таагүй байсан учраас ямар ч десант буухгүй гэдэгт Хойд Франц дахь Германы цэргийн командлагч, фельдмаршал Эрвин Роммель бүрэн итгэлтэй байжээ. Тэрбээр эхнэрийнхээ 50 насны ойд зориулан түүнд шинэ туфль бэлэглэхээр гэр рүүгээ явсан аж. Холбоотнуудын десант буусан нь тодорхой болох тэр үед Роммель Германд байлаа.  


6. Гитлер унтаж байв


Холбоотнуудын десант бууж эхлэх тэр мөчид нацист Германы удирдагч Адольф Гитлер унтаж байжээ. Генералуудын хэн нь ч тогтсон журмыг зөрчин, түүнийг сэрээж зүрхэлсэнгүй. Ингэснээр Нормандийн төлөөх тулалдааны шийдвэрлэх цаг мөчүүдийг германчууд алдсан байна.


Өглөөний 10 цагийн үед Гитлер арайхийж сэрэхэд нь түүнд холбоотны десант буусан тухай мэдээг дуулгажээ. Гэтэл энэ мэдээ түүнийг зоригжуулсан бөгөөд учир нь тэрбээр холбоотнуудыг амархан ялна гэдэгт итгэлтэй байв.


7. Америкийн цэргийн тоо Хамтын нөхөрлөлийн цэргүүдийнхээс цөөн байв


“D өдөр” болох тэр үед Британийн Хамтын нөхөрлөлийн орнуудын /ихэнхдээ британчууд ба канадчууд/ цэргийн тоо АНУ-ынхаас давж байлаа. 6 дугаар сарын 6-ны өдөр Францад буусан 156 мянган цэргийн 73 мянга нь америкчууд, 83 мянга нь британчууд ба канадчууд байсан бол тухайн үед Хамтын нөхөрлөлийн тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүний тоо Америкийнхтай харьцуулахад 2 дахин олон байжээ.


8. “Омаха”-хамгийн ихээр цус урссан газар


Нормандийн нутгийн зүүнээс баруун хэсэг руу "Юта", "Омаха", "Голд", "Жуно", "Сорд"  хэмээх кодчилсон нууц нэртэй 5 секторт холбоотны цэргийн десант буужээ.  


Эрэг орчмын “Омаха” секторт холбоотны цэргийн 4 мянга орчим албан хаагч алагдаж, шархадсан ба Америкийн цэргийн нэг анги бие бүрэлдэхүүнийхээ 90 хувийг алджээ. Харин “Голд” секторт хохирлын хэмжээ 80 хувиар бага байв.


Нормандийн ажиллагааны үеэр Дэлхийн I дайны үеийнх шиг цус асгаруулсан тулалдаанууд болж байлаа. Тодруулбал, тус ажиллагааны үеэр нэг өдөрт амь үрэгдсэн цэргүүдийн тоо нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их цус асгаруулсан тулалдаан болох 1916 оны Соммын тулалдааны үеэр нэг өдөрт амиа алдаж байсан цэргүүдийн тооноос давж байв.   


9. Жорлонгийн суултуур зад үсэрсэн нь


“Белфаст” гэдэг крейсер хөлөг онгоцноос гал нээх үед маш хүчтэй доргилт үүссэний улмаас хөлөг онгоцны сантехникийн тоног хэрэгслүүд хагарч байжээ.

Крейсер "Белфаст"

10. Шар айрагны газарт тандалт хийсэн нь


6-ны өдөр Мервилийн батарей руу довтлох маш нууц тушаал авсан Британийн дэд хурандаа Теренс Отуэй энэ талаар цэргүүд нь элдэв зүйл чалчихгүй гэдэгт бүрэн итгэлтэй байхыг хүсчээ. Цэргүүдээ тандан шалгахын тулд тэрбээр хамгийн царайлаг 30 цэргийн албан хаагч эмэгтэйд энгийн хувцас өмсүүлээд цэргүүд байрласан газрын ойролцоох тосгодын пиво баарууд руу явуулжээ.   


Тэдгээр бүсгүйчүүдэд удахгүй эхлэх ажиллагааны талаар цэргүүдээр ам алдуулах даалгавар өгсөн боловч цэргүүдийн хэн нь ч нууцыг задалсангүй.  


Эх сурвалж: https://www.bbc.com/russian/features-48525028

 

 

Холбоотой мэдээ