Сахилга дэг журам, зөв зохион байгуулалтын өндөр шаардлагатай ажиллахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-03-30 10:15:37

“Олон улсын эмч нарын өдөр” өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар салбарынхаа эмч, ажилтнуудад мэндчилгээ дэвшүүлэв.

Уг мэндчилгээнд, “Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд  мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа болон эрүүл мэндийн салбарын алтан түүчээ болсон ахмад буурал эрдэмтэн багш, эмч сувилагч  нартаа “Олон улсын эмч нарын өдөр”-ийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Монгол улсын хүн ам 3 сая болж, иргэдийн дундаж наслалт нэмэгдэж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадвар чансаа улам бүр сайжран орчин үеийн техник, технологийн дэвшлийг эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх шатанд нэвтрүүлж чаджээ. Эх орондоо чанартай эмчилгээ, оношилгоо шинжилгээг хийлгэх боломжийг ард иргэдэд бий болгосон нь та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн, ажлын амжилт юм гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол Улсын Засгийн газар, ЭМСЯ-ны зүгээс эмч мэргэжилтнүүдийн чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр сургах, ажиллах орчинг сайжруулах, ажлын ачаалал, цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр санаачилгатай ажиллаж байна. Эрдэнэт хүний алтан амь, болзошгүй эрсдлийг бууруулахын тулд сахилга дэг журам, зөв зохион байгуулалтын өндөр шаардлагыг анхааран ажиллахыг энхийн манаанд зогсоо эмч мэргэжилтнүүддээ уриалж байна.

 Өргөсөн тангарагтаа үнэнч байж,өдөр шөнө, нойр хоолыг умартан зүтгэж байгаа Та бүхэн өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа улам бататгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхийн төлөө өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхний ариун цагаан үйлс улам өргөжин дээшлэх болтугай.

Эрүүл энхийн харуул нь та байг
Эрхэм бүхний эзэн нь та байг
Эх үрсийн жаргал нь та байг
Эмч хүний алдар нь та байг” гэжээ.

Холбоотой мэдээ