УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-07 11:17:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж, баталлаа. 


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үе шатыг боловсронгуй болгох, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тодруулах, агуулгыг шинэчлэх үүднээс дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. 


Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын хууль тогтоох ажил илүү боловсронгуй болж, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэхэд тулгарч байсан асуудлууд шийдвэрлэгдэх, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд тулгарч болзошгүй асуудлыг шийдвэрлэх хууль зүйн эерэг дүн гарч, цаашлаад хууль тогтоомжийн чанар сайжрах, тогтвортой байхад сайнаар нөлөөлнө гэж төсөл санаачлагч үзжээ. 


Хэлэлцэж буй асуудалтай УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед бусад асуудал хэлэлцэх боломжгүй. Намрын чуулганаар, улсын төсөв хэлэлцэх тул энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэхэд цаг хугацааны хувьд давчуу байгааг хэлсэн.  УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ, шинэ дэгийн хуулиар, Үндсэн хууль хэлэлцэх үед, зайлшгүй тохиолдолд УИХ-ын дарга захирамжлан зарим асуудлыг хэлэлцэж болно гэж заасан" гэлээ. 

 

Ингээд санал хураахад гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжсэн юм. 


Холбоотой мэдээ