Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн түүхийг өгүүлсэн гурав дахь киног бүтээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-07 12:13:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Монголчуудын XX зууны шилдэг бүтээн байгуулалт болох уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн түүхэн 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэхүү түүхэн он жилүүдийг кино дэлгэцэнд буулгаж үлдээх зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монгол тулга” кино сантай хамтран “Эрдэнэсийн өв” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээхээр ажиллаж байна.

Киноны зохиолыг зохиолч, яруу найрагч Р.Мөнхтариа бичжээ. Ерөнхий найруулагчаар Л.Баттулга, зураачаар Б.Батбилэг нар ажиллаж байгаа бол гол дүрд МУГЖ, жүжигчин Ж.Оюундарь, СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ нар тоглож байна. МУГЖ С.Дамдин, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Б.Тунгалаг, СТА, жүжигчин Е.Баярмагнай нарын Монголын кино урлагийн нэрт жүжигчид дүр бүтээж байгаа нь тус киноны чансааг илэрхийлэхийн зэрэгцээ олны хэсэгт Эрдэнэтийн уурхайчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

“Эрдэнэсийн өв” бүрэн хэмжээний уран сайхны кино нь Эрдэнэт үйлдвэрийн тухай өгүүлэх дэлгэцийн гурав дахь бүтээл юм. Эрдэнэтийн бүтээн байгуулалтын тухай “Эхлэл” нэртэй анхны киног СТА, найруулагч Ж.Сэлэнгэсүрэн найруулж байсан бол дараагийн “Дурсамж төгсгөлгүй” уран сайхны киног “Фантастик” продакшны найруулагч Р.Батсайхан найруулан, үзэгчдийн хүртээл болж байсан гэж тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ