Бүтээн байгуулалтын ажилдаа шамдахыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-06-10 12:22:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн “Хангарди ордонд өнөөдөр НИТХ-ын ээлжит XXV хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар, хорооны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байгаа юм. Хуралдааны өмнө НИТХ дахь АН-ын бүлгээс нийслэлийн удирдлагын ажилтай холбоотой мэдээлэл хийлээ. НИТХын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, “Нийслэл шинэ Засаг даргатай болоод 100 хонож байна. Энэ хугацаанд нийслэлийн төсвийн тодотголыг бүтцийн өөрчлөлтөд зориулан хийж, захиргааны зардлыг нэмж байна” хэмээн шүүмжилж төрийн албаны залгамж халааг ширээ, сандал, өрөө тасалгаа, нэр хаяг солих байдлаар бус, төрийн шинэчлэлийг жинхэнэ утгаар явуулахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар НИТХ дахь МАН мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж дуусахад үлдээд буй жил хүрэхгүй хугацаанд бүтээн байгуулалтын ажилдаа шамдан ажиллахыг анхааруулав.

НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, “С.Амарсайхан НИТХ-ын дарга байхдаа нийслэлд “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн боловч өдгөө үр дүн тааруу байна. Нийслэл хот удирдлагатай болох гэж цаг хугацаа алдсан. Одоо үүнийгээ нөхөж сайн ажиллах хэрэгтэй байна” гэв. Ажил удааширч буйг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын ажлаар жишээ татаж байв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ