Монгол, БНСВУ хооронд ялтан шилжүүлэх гэрээний төслийг зөвшилцөв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-11 19:28:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/ хоорондын гэрээний төслийг зөвшилцөв.


Төслийн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Тэрбээр  энэ онд БНСВУ-д ажлын айлчлал хийхдээ, УИХ, Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн хэд, хэдэн гэрээ байгуулснаа дурдав. Тухайлбал, Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон БНСВУ хоорондын гэрээг байгуулахаар тохиролцсон гэлээ. Гэмт этгээд шилжүүлэх тухай гэрээний үндсэн дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон гэмт хэргийг таслан зогсооход чиглэсэн улс хоорондын хамтын ажиллагааны үр нөлөөг хангах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг амжилттай гүйцэтгэх, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, гэмт этгээдийг шилжүүлэх чиглэлд харилцаагаа хөгжүүлэн бэхжүүлэх боломж бүрддэг.


Дээрх гэрээ нь 22 зүйлтэй гэдгийг ХЗДХ-ийн сайд дурдав. Өнөөдрийн байдлаар, БНСВУ-ын гурван иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол БНСВУ-д ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүйг танилцуулсан. 


Танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул санал хураав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дээрх гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. 

Холбоотой мэдээ