Гурмеет Каурт: Бидний хэл соёл, зан заншил өөр хэдий ч үйлс зорилго нэг

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-12 11:49:59

Дорноговь /МОНЦАМЭ/. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх Дорноговь аймагт байгуулах нефтийн үйлдвэрийн дэд бүтцийн ажилтай 06 дугаар сарын 10-11-нд танилцсан юм.

Энэ үеэр Элчин сайдын гэргий хатагтай Гурмеет Каурт Монголын эмэгтэйчүүдийн холбооны Дорноговь аймаг дахь салбар зөвлөлөөр зочлов.

Түүнийг Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Сэмжидтуяа болон зөвлөлийн тэргүүлэгчид хүлээн авч уулзан эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, ололт амжилт, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулж харилцан санал солилцсон байна.

Хатагтай Гурмеет Каурт хэлэхдээ, “Намайг хүндэтгэж халуун дотноор хүлээн авсан Дорноговийн бүсгүйчүүдийн төлөөлөл та бүхэнд талархал дэвшүүлье!

Эмэгтэйчүүд бид яс үндэс, хэл соёл өөр хэдий ч үйлс зорилго нэгтэй, хүсэл мөрөөдөл маань адилхан юм. Бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг бэхжүүлэхийн тулд бид өөрсдөө чадварлаг, хүчирхэг байх ёстой гэдгийг онцолсон юм.

Тэрээр зөвлөлийн “Хүндэт дэвтэр”-т талархлын сэтгэгдлээ бичиж үлдээсэн бол авьяаслаг ихэр охид Б.Амалун, Б.Агата нар хуримтлалын “Монгол гэр”-ээ өөрсдийн гараар будаж бэлэглэв. Мөн бяцхан сурагчид уртын дуу болон морин хуурын аялгуугаар  мэндчилгээ дэвшүүлсэн байна.


Хатагтай Гурмеет Каурт ГХЯ-ны дэргэдэх Дипломат эмэгтэйчүүдийн клубын санхүүгийн дэмжлэгээр аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлөөс 11 дүгээр цэцэрлэгийн "Тэмүүлэл" бүлэгт хэрэгжүүлсэн төслийн ажилтай танилцаж багш хүүхдүүдтэй уулзан, бяцхан хүүхдүүдэд гарын бэлэг өгч, багш ажилчдад ажлын амжилт хүссэн юм.

88 жилийн түүхтэй Дорноговь аймгийн эмэгтэйчүүдийн байгууллага нийгмийн хөгжлийг хурдасгах, орон нутгийн хөгжил бүтээн байгуулалт хийгээд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүх салбарт амжилттай ажиллаж иржээ.

Он гарснаас хойш “Дорнын говийн бүсгүйчүүд” зөвлөгөөн, “Шилдэг гэр бүл" шалгаруулах зэрэг тодорхой ажлыг бусад байгууллагатай хамтран зохион байгуулсан байна.

Цаашид үйл ажиллагаандаа эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлмөр хамгааллыг сайжруулах, тэгш эрхийг буй болгох, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зэрэг олон ажлыг хийхээр  төлөвлөсөн аж.





Холбоотой мэдээ