Д.Чулуунбаатар: Элэг шилжүүлэн суулгах технологи нэвтэрснээр бусад олон салбар дагаж хөгжсөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2019-06-12 14:24:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орондоо элэг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа амжилттай хийж байсан Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн баг энэ төрлийн 77 дахь хагалгаагаа хийгээд байна. 

Тус эмнэлгийн ерөнхий захирал, клиникийн профессор, анагаах ухааны магистр Д.Чулуунбаатар болон Гастроэнтерологийн төвийн дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор О.Баярмаа нартай уулзсан юм.

Д.Чулуунбаатар профессор эмч, эмнэлгийн ажилтнуудаа дээрх хагалгаанд сургаж бэлтгэсэн талаар хэлэхдээ, “Анх БНСУ-ын анагаах ухааны “Асан” төвийн элэг шилжүүлэн суулгах төвийн дарга, профессор Ли Сунг Гуй өөрийн сан болон Асан сангийн дэмжлэгээр УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багийг өөрийн төв дээр сургахаар болсон. Жилд 24 хүнийг 14 хоногоос нэг жил хүртэл хугацаагаар явуулснаар өнөөг хүртэл давхардсан тоогоор 240 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн дээрх сургалтад хамрагдаад байна” гэв.



-Анхны хагалгааг хэдэн онд хийж, одоогоор хэчнээн хүнийг эрүүл болгоод байна вэ?

-2011 оны есдүгээр сарын 24-нд манай баг, профессор Ли Сунг Гуйн багтай хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг 45 настай эмэгтэйд амжилттай хийсэн. Өнөөдрийг хүртэл нийт 33 тохиолдолд хамтран ажилласан байна. Харин УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах манай баг 2015 онд бие даан анхны мэс заслаа хийж байсан бол өнөөдөр 44 дэх хагалгаагаа амжилттай хийлээ. Эдгээрээс дөрвөн хүүхэд, тархины үхэлтэй донороос гурван хүнд элэг шилжүүлэн суулгасан. Одоо монгол эмч нар бие даан, энэ төрлийн хагалгааг эх орондоо нутагшуулах хэмжээнд хүрч байна.

-Элэг шилжүүлэн суулгах хагалгааг ер нь ямар тохиолдолд хийдэг вэ?

-Энэ нь элэгний өвчний төгсгөлийн шатны эмчилгээ юм. Энэ нь зөвхөн хагалгаа биш, мэс заслын өмнөх бэлтгэл, дараагийн хяналт эмчилгээ гээд маш нарийн технологи шаардсан, олон мэргэжлийн эмч, мэргэжилтэн оролцдог, багаараа хийдэг ажил. Мэс заслын, мэдээгүйжүүлгийн, элэгний, дүрс оношилгооны, лабораторийн, эмгэг судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтэн, техникч, сувилагч, лаборант гээд олон мэргэжилтэн хамтарч ажилладаг. Нэг хагалгааны үед эмнэлзүйн болон дэмжих үйлчилгээний 60-70 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.

-Энэ төрлийн хагалгааг гадны оронд очиж хийлгэхэд их үнэтэй байдаг байх. Одоо эх орондоо хийдэг болоход төрөөс хэр анхаарч байна?

-Гадны орон хийлгэхэд өртөг өндөр, зардал чирэгдэл ихтэй. Дунджаар 100-250 мянган ам.долларын өртгөөр эмчилгээ хийнэ, дээр нь замын зардал, зочид буудал, дагалдан явах хүмүүсийн зардал, виз гээд цаг хугацаа, мөнгө төгрөг нэлээд шаарддаг. Манай Засгийн газар үүнд ихээхэн анхаарч, элэг шилжүүлэн суулгах хагалгааны төлбөрийг төрөөс хариуцдаг болсон. Энэ нь ард иргэдээ санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлсэн маш чухал алхам болохын зэрэгцээ манай эмч мэргэжилтнүүдийг энэхүү хагалгааг хийж сурч, хөгжихөд маш их түлхэц болсон.

-Эмчилгээ, хагалгааны шинэ технологи нэвтрүүлэхэд бэрхшээлтэй байв уу?

-Элэг шилжүүлэн суулгах том технологи нэвтрүүлнэ гэхэд хүмүүс анх их гайхаж байсан. Хөгжиж буй орны түвшинд энэ хагалгааг хийнэ гэхэд Швейцар, бусад хөгжингүй орны эмч мэргэжилтнүүд “Танайх арай болоогүй байх аа” гэдэг байсан. Энэ технологийг нэвтрүүлснээр бусад салбар ч дагаад түргэн хугацаанд хөгждөг юм билээ. Жишээ нь, анх элэгний хагалгаанд ороход хэрэглэх дагалдах тоног төхөөрөмжүүд тухайн үед байгаагүй. Харин төхөөрөмжүүд орж ирснээр инженерүүдийн чадвар дагаж хөгжсөн. Дүрс оношилгооны олон арга нэвтэрсэн, мөн эрчимт, мэдээгүйжүүлгийн эмч нарын ур чадвар дээшилж, их хөгждөг юм байна. Өөр бусад хагалгаа хийх чадвар нь эрс сайжирсан. Нэг шинэ технологи бусад салбараа чирэн хөтөлдөг давуу талтай юм байна.


-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд донороо хэрхэн бэлтгэдэг вэ?

-Хоёр янзын донор бий. Нэгд, амьд донорын элэгний тал хэсгийг тайрч аван өвчтөнд шилжүүлдэг. Нөгөө нь, тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эрхтэн шилжүүлэн суулгадаг. Энэ бүгдийг Монгол Улсын донорын хуулиар зохицуулдаг. Дэлхийн хандлага бол аль болох тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийхийг дэмждэг. Монгол, Солонгос, Хятад зэрэг Азийн орнуудын иргэдийн ах дүүсэг, аав ээж, ах дүү, хамаатан садан, гэр бүл, найз нөхдийнхөө төлөө гэдэг онцлог, эд эрхтнээ бэлэглэх нь хамгийн том буян гэж үздэгээс амьд донороос эрхтэн шилжүүлэх нь арай илүү байдаг. Түүний үндсэн дээр амьд донороос эрхтэн шилжүүлэх хагалгааг хийж байна. Донорууд 20 гаруй нэр төрлийн шинжилгээ хийлгэж, бие организм нь бүтэц зүй болон мэс заслын хувьд олон зүйлээр хоорондоо тохирч байж хагалгаанд ордог.

-УНТЭ жилд хэдэн төрлийн мэс засал хийж байна вэ?

-Манай эмнэлэг жилдээ хэвлий, цээжний хөндийн, үений, нүд, чих, хамар хоолойн, эрүү нүүрний, бүдүүн шулуун гэдэс, бөөрний мэс засал, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг төрлийн 13.000 орчим хагалгаа хийдэг. Ажлын ачаалал ихтэй байдаг. Элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгааны санхүүжилтийг төр хариуцдаг болсноос хойш хагалгаанд орох хүний тоо нэмэгдэж байна. Жилд 24 хүнд элэг, 23 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг төрөөс санхүүжилж байна. 2018 онд бид 50 хүнд элэг, бөөр шилжүүлэн суулгасан байна.




Гастроэнтерологийн төвийн дарга, анагаах ухааны доктор, клиникийн профессор О.Баярмаагаас элэг ямар шалтгаанаас өвчилдөг талаар тодруулахад, “Элэгний өвчнийг үүсгэдэг шалтгаануудыг вирусийн, вирусийн бус гаралтай гэж хуваадаг. Вирусийн шалтгаан гэхээр мэдээж элэг гэмтээгч В, С, Д вирустэй холбоотой. А, Е гэх мэт вирус элэгний архаг өвчин үүсгэдэггүй, хурц хэлбэрээр илрээд өнгөрдөг. Архаг эмгэг болох элэгний архаг үрэвсэл, хатуурал, хавдар зэргийг үүсгэгч гол шалтгаан нь В, С, Д вирус юм.

Харин вирусийн бус шалтгаанд архи, эмийн болон химийн бодисууд, нийгмийн хөгжлөө дагасан амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотой элэг өөхлөх өвчин, удамшлын болон бодисын солилцооны шалтгаанууд орно. Жишээ нь, зэс, төмөр биед хуримтлагдсанаас зарим төрлийн уургыг холбож, тодорхой хэмжээнд бодисын солилцоонд оруулж байдаг ферментүүд дутсан хүмүүст элэгний эмгэгүүд үүсэж болдог. Судлаачдын үзэж буйгаар, манай улсад В вирусийн халдвар 9.8 хувьтай, С вирусийн халдвар 8.5 хувьтай байна.

-Ихэвчлэн ямар насны хүмүүст элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байна вэ?

-Элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 60 хүртэлх насны хүмүүст хийж байна. Манай улсад элэг шилжүүлэн суулгуулсан шалтгааны 95 хувийг элэг гэмтээгч В, С, Д вирүсийн шалтгаант элэгний хатуурал, хавдар эзэлж байгаа бөгөөд 2015 оноос С вирүсийн эсрэг эмчилгээ нэвтэрснээр одоо В, Д вирүсийн шалтгаан зонхилж, 30-40 насныханд арай илүү хийгдэж байна.

-Манай улсын хүн амын 10-аас дээш хувь нь элэгний циррозтой гэдэг үнэлгээ байдаг юм билээ. Энэ өвчний оноштой хэчнээн хүн хяналтад байна?

-Энэ үнэн. 2018 оны статистик үзүүлэлтээр 19.100 элэгний хатууралтай өвчтөн байна. Ер нь элэгний цирроз өвчин өвчлөл болон нас баралтаараа хоол боловсруулах эрхтний эмгэг дотроо тэргүүлэх байр эзэлдэг. Мөн элэгний хавдар өвчин, өвчлөл, нас баралтаар эрэгтэй, эмэгтэйчүүд ялгаагүй, дэлхийн дунджаас ес дахин өндөр буюу дэлхийд тэргүүлж байна.

Дэлхий нийтээр элэгний эмгэгийн өвчлөл, нас баралт 2030 он хүртэл буурахгүй байх төлөвтэй байгаа тул ДЭМБ-аас вируст гепатитаас сэргийлэх, тэмцэх стратегийг боловсруулан гаргасан. Мөн манай улсын төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт үүнийг авч үзэж, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна.

-Саяхан манай улсад анх удаа цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Энэ багийн гишүүний хувьд хүндрэл гарч байв уу?

-2019 онд цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийсэн. Энэ бол маш том технологи. Бэлтгэлийн хувьд, тухайн хүний биед байгаа цусны бүлэг өөрөө маш олон тооны антиген буюу эсрэг биеттэй байдаг. Түүний эсрэг үүсэх хариу урвалыг бид түрүүлж дарангуйлж байж тухайн хүнээ хагалгаанд оруулдаг. Тэр бэлтгэл эмчилгээг элэгний эмч нар багаараа хийдэг.

Бид тэр эмчилгээг хийгээд, шинээр өгөх гээд байгаа өөр бүлгийн цусны антигений эсрэг дархлааны урвалын олон улсын стандартад ямар байх ёстой тэр хэмжээнд нь аваачиж байгаад хагалгаагаа хийсэн. Өмнө нь дархлааг дарангуйлах эмчилгээ хийсэн, элэг авах гэж байгаа өвчтөнийхөө цусны сийвэнг солих плазмаферез эмчилгээг гурван удаа хийсэн.

-Элэг шилжүүлэн суулгуулсан хүн, донор хоёрын биеийн байдал ямар байна? 

-Өвчтөн маань эмнэлгээс гарсан. Биеийн байдал нь сайн, хяналтанд явж байна.

-Ийм хагалгаа дэлхийн хэдэн оронд хийдэг вэ?

-Элэг шилжүүлэн суулгах 1000-аас дээш хагалгаа хийсэн цөөн улс оронд хийдэг мэс ажилбар. Бидний багш нар БНСУ-ын Асан” эмнэлгийнх. 5000 амьд донороос элэг шилжүүлэн суулгасан, цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэх хагалгаа хэдийнээ нэвтэрч, манай эмч нар богино хугацаанд энэ технологид суралцаад байна гэв.  

Холбоотой мэдээ