Байнгын хороодын даргаар Х.Нямбаатар, С.Бямбацогт нарыг сонгов

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-06-12 16:45:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт нарыг сонгов.


УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, мөн 22.4 дэх хэсэгт “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох, улираан сонгож болно” хэмээн заасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Төрийн байгуулалтын байнгын хороог даргалсан бөгөөд бүрэн эрхийн хугацаа дуусаж буй юм. Тиймээс МАН-ын бүлгээс Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар С.Бямбацогт нарыг нэр дэвшүүлснийг чуулганд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


Х.Нямбаатар нь 1996 онд 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг Эрх зүйч, 2002 онд Орхон их сургуулийг Боловсрол судлалын магистр, 2008 онд Цагдаагийн академийг Хууль зүйн ухааны магистр, 2012 онд Удирдлагын Академийг Төрийн удирдлагын докторант, 2017 онд Хууль сахиулахын Их сургуулийг Хууль зүйн ухааны докторантаар төгссөн. 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.


С.Бямбацогт нь 1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль, 1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургуулийг Эдийн засагч, 2014 онд МУИС-ийг Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХКомпаний ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпаний захирал, 2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Холбоотой мэдээ