Хайнань мужийн орлогч захирагч асан 12 жил хоригдох ял авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-30 16:13:46

БЭЭЖИН. /TASS/. Хятадын Тяньжин хотын дунд шатны шүүх тус улсын Хайнань мужийн орлогч захирагч асан Зи Вэньлиньд авлига авсных нь төлөө 12 жил хорих ял оноожээ. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр, түүнд мөн 1 сая юанийн /154 мянга орчим доллар/ торгууль оногдуулсан байна.

Зи Вэньлинь хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж, мөрдөн шалгах ажил тусалсан учраас түүний ялыг хөнгөвчилсөн гэж шүүгчид мэдэгджээ.

Хавтаст хэргээс үзвэл, төрийн албан хаагч асан сүүлийн 15 жилийн хугацаанд Сычуань муж, Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Хайнань мужид удирдах албан тушаал хашиж байхдаа хувийн ашиг сонирхолдоо албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус замаар их хэмжээний мөнгө авсан байна.

Зи Вэньлинь 2013 оны нэгдүгээр сараас 2014 оны хоёрдугаар сар хүртэл Хайнань мужийн орлогч захирагчийн албыг хашжээ. Тэрбээр 2014 оны долдугаар сард намаасаа хөөгдсөн бол наймдугаар сард түүнд авлигын хэргээр албан ёсоор эрүү үүсгэсэн байна.

Хятадын хэвлэлүүд Зи Вэньлинийг мөрдөн шалгаж эхэлснийг тус улсын Нийгмийг аюулаас хамгаалахын сайд асан Жоу Юнканы хэрэгтэй холбож байна. Жоу Юнкан өнгөрсөн оны зургадугаар сард бүх насаараа хоригдох ял авсан юм. Шүүх түүнийг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, улсын нууцыг задруулсан хэрэгт буруутай гэж үзжээ. Тэрбээр сүүлийн 10 жилд ял шийтгүүлсэн Хятадын нам, төрийн хамгийн өндөр албан тушаалтан болсон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ