Иргэний хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-06-12 19:31:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.


УИХ 2012 оны гуравдугаар сарын 7-нд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байна. Уг хуульд өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан тул 2002 оноос хэрэгжиж байсан Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон юм. Үүнээс үүдэн өмгөөлөгчийн бие даасан, хараат бус байдал алдагдаж, мэргэжлийн ёс зүй, хариуцлага суларсан тул 7 бүлэг, 54 зүйлтэй шинэ хуулийг Засгийн газар боловсруулжээ. Хуулийн төслийг баталснаар өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг сэргээж, иргэний хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг бүрэн хангах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбоог дахин зохион байгуулж, шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг баталгаажих юм. Өмгөөллийн тухай хууль хэрэгжиж байхад улсын хэмжээнд 2500 орчим өмгөөлөгч ажиллаж байсан бөгөөд хуулийг хүчингүй болгосон 2012 оноос хойш 5000 болж өсжээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Х.Нямбаатар нарын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Үүний дараа хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас ирүүлсэн зарчмын зөрүүтэй 50 орчим санал тус бүрээр санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ