Т.Мэй огцорсон шалтгаан ба түүний халааг авах өрсөлдөөн

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-06-13 14:44:25

Ерөнхий сайд Тереза Мэй Их Британийн Консерватив намын даргын албан тушаалаас албан ёсоор огцорч байгаагаа парламент дахь “1922 оны хороо”-нд мэдэгдлээ. Энэ хороонд засгийн газарт тодорхой албан тушаал хашдаггүй парламент дахь Консерватив намын фракцийн гишүүд багтдаг бөгөөд тэд намын даргыг сонгох, түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг зохицуулдаг байна.  


Британийн засгийн газрыг бараг 3 жилийн хугацаанд удирдсан Т.Мэй өнгөрсөн 5 дугаар сарын 24-нд намын даргаас чөлөөлөгдөх гэж байгаагаа нүдэндээ доголон нулимстайгаар олон нийтийн өмнө мэдэгдэж байсан билээ. Намын даргаас чөлөөлөгдөнө гэдэг нь Ерөнхий сайдаас огцорно гэсэн үг учраас одоо Консерватив намынхан шинэ даргаа сонгомогц Т.Мэй засгийн газрын тэргүүний албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой. Тодруулбал, 10-ны өдрөөс эхлэн тооцвол тэрбээр наад зах нь 6 долоо хоногийн хугацаанд буюу 7 дугаар сүүлч хүртэл ерөнхий сайдын үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх юм.


Намын даргыг тодруулах сонгууль хоёр үе шаттай явагдана. Эхний шатанд Консерватив намаас Нийтийн танхимд сонгогдсон 313 депутат оролцож, сонгуульд оролцоно гэдгээ албан ёсоор илэрхийлээд буй 13 нэр дэвшигчээс 2 хүнийг шалгаруулах юм. Харин 2 дахь шатны санал хураалтад Консерватив намын бүх гишүүд оролцсоноор хоёр үе шаттай сонгуулийн кампанит ажил ба санал хураалт сар гаруй хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна. Хэрвээ консервативчууд намын даргаа сонгож чадахгүй аваас парламентын шинэ сонгуулийг зарлан явуулахаас аргагүйд хүрч, улмаар сөрөг хүчин болох Лейборист нам засгийн эрхийг авах магадлалтай.


Т.Мэйг огцруулсан шалтгаан    


“Британийн төмөр хатагтай номер 2”, “Британийн Ангела Меркель” гэгдэн өргөмжлөгдөж байсан Мэй намын даргаас чөлөөлөгдөж, удахгүй Ерөнхий сайдаас огцрох гэж байгаа нь Их Британи улс Европын Холбооноос гарах /Брексит/ асуудал шийдэгдэхгүй байгаатай шууд холбоотой.


Сануулан дурдахад, Британийн өмнөх Ерөнхий сайд Дэвид Кэмерон огцорсон шалтгаан нь мөн л Брекситтэй холбоотой байсан билээ. Уг асуудлаар 2016 онд тус улсад явуулсан бүх ард түмний санал асуулгаар Брексит-ийг дэмжигчид ялимгүй тооны саналын илүүгээр ялсны дараа тэрбээр огцорсон юм.


Олон удаагийн хэлэлцээний явцад Их Британи улс энэ оны 3 дугаар сарын 29-ний өдөр ЕХ-ноос гарна гэж тохиролцсон боловч ямар нөхцлөөр гарах вэ гэдэг тал дээр Британийн улстөрчид хоорондоо санал зөрөлдсөөр байгаа учраас асуудал шийдэгдэхгүй хойшлогдсоор байна. Зөвхөн парламентад төдийгүй Консерватив намынхны дунд “ЕХ-ноос гэрээ байгуулалгүйгээр гарах /хатуу Брексит/нь зүйтэй” гэж үзэж буй нэг хэсэг байхад гэрээ байгуулсны дараа гарах нь зүйтэй гэсэн Т.Мэйгийн байр суурийг дэмждэг нөгөө хэсэг хүмүүс бий.


Эл зөрөлдөөний улмаас Британийн парламент буюу Нийтийн танхимын гишүүд зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа нь засгийн газрын тэргүүнийг хүнд байдалд оруулж, огцрохоос аргагүйд хүргэлээ. Т.Мэй талуудыг зөвшилцөлд хүргэх гэж хэд хэдэн удаа оролдоод бүтэлгүйтсэний дараа түүнийг “улс төрийн хүчнүүдийг эвлэрүүлэх чадваргүй” гэсэн шүүмжлэлээр бөмбөгдөж эхлэв. Даарин дээр давс гэгчээр Т.Мэй Брекситийн асуудлаар бүх нийтийн санал асуулгыг дахин явуулах талаар сөрөг хүчний Лейборист намынхантай ярилцаж байсан нь илэрч, Ерөнхий сайдын суудлыг нь бүрмөсөн ганхуулж орхилоо. Учир нь, Консерватив намынхан анхнаасаа л Их Британийг ЕХ-ноос гаргана гэсэн хатуу байр суурьтай байгаа бөгөөд намын дарга нь сөрөг хүчнийхэнтэй үгсэн, ухарч буцсан алхам хийх гэж байсан нь намын гишүүдийн эгдүүцлийг төрүүлсэн нь ойлгомжтой.  


Үүн дээр нэрмээс болсон зүйл гэвэл, Брекситийн асуудлаар засгийн газрын тэргүүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж Гадаад харилцааны сайд Борис Жонсон, Брекситийн асуудал эрхэлсэн сайд Доминик Рааб нар сайн дураараа албан тушаалаасаа огцорчээ. 


Ер нь сүүлийн 6 сар бол Мэйгийн хувьд маш хүнд үе байлаа. Өнгөрсөн оны 12 дугаар сараас хойших хугацаанд Брекситийн асуудлаар хийсэн 3 удаагийн хэлэлцээ бүтэлгүйтсэн бол Нийтийн танхимын гишүүд Мэйд итгэл үзүүлэх эсэх асуудлыг хоёр удаа авч хэлэлцсэн байна.


Гол өрсөлдөгчдийн тухайд товчхон


Энэ долоо хоногийн даваа гарагт намын даргын сонгуулийн кампанит ажил эхэлж байгаа бөгөөд сунгаанд нэрээ дэвшүүлсэн 13 хүний дотор Т.Мэйгийн засгийн газарт одоо ажиллаж буй 5 сайд, өмнө нь ажиллаж байсан 4 сайд байна. Тэдний дотроос намын даргын сонгуульд хүчтэй өрсөлдөх магадлалтай нэр дэвшигчдийн талаар товч танилцуулъя.


Борис Жонсон 

13 нэр дэвшигчдийн дотроос намын дарга бөгөөд Ерөнхий сайдаар сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр Лондон хотын дарга болон Гадаад харилцааны сайдын албан тушаалыг хашиж байсан Борис Жонсоныг нэрлэж байна. Этгээд зан авиртай энэ хүнийг дэмждэг гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл илэрхийлж байсан юм. “Хатуу Брексит”-ийн чиг шугамыг баримтлагч тэрбээр 10 дугаар сарын 31 гэхэд Их Британийг ЕХ-ноос гаргана гэж амлаж байгаа юм. Гарахдаа ЕХ-той хэлэлцээр байгуулах нь тийм ч чухал биш, гарсны дараа ямар нэгэн аргаар тохиролцож болно гэж Б.Жонсон үздэг аж. ЕХ-той хэлэлцээ хийхдээ дэндүү зөөлөн  хандаж байна гэж Т.Мэйг шүүмжилдэг байсан Б.Жонсон өнгөрсөн онд Гадаад харилцааны сайдаас өөрийн хүсэлтээр огцорчээ. Одоогийн байдлаар түүний хувьд намын даргаар сонгогдох магадлал хамгийн өндөр буюу 40 хувьтай байна.


Доминик Рааб 

Брекситийн асуудал эрхэлсэн сайд асан энэ хүн бол Жонсоны гол өрсөлдөгч бөгөөд түүний хувьд сонгуульд ялах магадлал 18 хувьтай байна. Тэрбээр Брекситийн асуудлаар Т.Мэйтэй санал зөрөлддөг байсан учраас Жонсоны хамт засгийн газрын бүрэлдэхүүнээс өөрийн хүсэлтээр гарчээ. Европын Холбооноос гэрээгүйгээр гарахад британчууд бэлэн байх ёстой гэж мэдэгдэж байснаас үзвэл тэрбээр Брекситийн асуудлаар нэлээд хатуу байр суурьтай байх бололтой. Тодруулбал, 10 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ЕХ-ноос гэрээгүйгээр гарах нь зүйтэй бөгөөд “Ирландын асуудлыг” хойшлуулж, өөр шийдлийг олох хэрэгтэй гэсэн бодолтой аж. Түүнээс гадна, ЕХ-ноос гарсны дараа чөлөөт худалдааны гэрээг тус холбоотой байгуулах нь зүйтэй гэж үздэг байна.


Майкл Гоув

Байгаль орчны сайдаар ажиллаж буй энэ хүн үзэл бодлын хувьд Жонсонтой ойр боловч олон нийтэд танигдсан байдлаараа түүнийг гүйцэхгүй юм. Жонсоноос ялгаатай нь гэвэл, үг хэлээ нэлээд цэнэж ярьдаг. М.Гоув эхэндээ Брекситийн хөдөлгөөний удирдагчдын нэг байсан боловч цаг хугацааны явцад Т.Мэйгийн нэгэн адил зөөлөн байр суурь баримтлах болжээ. Брекситийг 2020 он хүртэл хойшлуулж болно гэж үздэг хүмүүсийн нэг. Түүний хувьд Ерөнхий сайд болох магадлал 8 орчим хувьтай байна гэсэн судалгааны дүн гарчээ.


Жереми Хант

Адмирал Николас Хантын хүү Жереми Хант бол хатан хаан II Элизаветагийн холын хамаатан гэж Британийн хэвлэлүүдэд бичдэг. Одоо Гадаад харилцааны сайдаар ажиллаж буй энэ хүн “Ирландын асуудлын” талаарх зүйл заалтыг өөрчлөх замаар 10 дугаар сарын 31-нээс өмнө гэрээг дахин тодотгох шаардлагатай гэж үздэг ажээ.


Анхандаа Их Британи улс ЕХ-нд үлдэх нь зүйтэй гэж үздэг байсан Ж.Хантын бодол өөрчлөгдөж, гэрээнд өөрчлөлт оруулахын тулд Брюссель руу шинэ бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг явуулах хэрэгтэй гэх болжээ. 10 дугаар сарын 31-нд гэрээгүйгээр ЕХ-ноос гарах нь хүсүүштэй зүйл биш, гэхдээ нөхцөл байдал иймдээ тулбал үүнд бэлэн байх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.


Сажид Жавид

Пакистанаас дүрвэж ирсэн хүний хүү болох 49 настай Сажид Жавид нь 20 жилийн турш бизнес эрхлэхдээ олон сая фунтын хөрөнгө хуримтлуулж чаджээ. Тэрбээр Кэмерон болон Мэйгийн удирдсан засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллаж байв. Их Британийн төрийн дээд удирдлагад өндөр албан тушаал хашдаг үндэсний цөөнхийн анхны төлөөлөгч болохын хувьд тэрбээр Британийн цагаачлалын бодлогыг өөрчлөх нь зүйтэй гэж үздэг аж. Өдгөө Дотоод хэргийн сайдын албыг хашиж буй С.Жавид Брекситийн асуудлаар Мэйгийн боловсруулсан гэрээний төслийг дэмждэг ажээ. Гэхдээ гэрээгүйгээр ЕХ-ноос гарахад бэлэн байх хэрэгтэй, учир нь тус холбоо гэрээг шинэчлэхийг зөвшөөрөхгүй байж магадгүй гэсэн бодолтой хүн.  


Андреа Ледсом

Нийтийн танхимын дарга байсан энэ эмэгтэй Брекситийн гэрээг парламентаар хэлэлцүүлэх гэсэн Т.Мэйгийн санааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, энэ оны 5 дугаар сард албан тушаалаасаа огцорчээ. 2016 онд тэрбээр Ерөнхий сайдын албан тушаалын төлөө Т.Мэйтэй өрсөлдөж байсан билээ. А.Ледсом бол Брекситийн асуудлаар хамгийн хатуу байр суурьтай хүн гэж болно. Тодорхой хэлбэл, Ледсом Ерөнхий сайд болсон тохиолдолд Их Британи улс ЕХ-ноос гэрээ хийлгүйгээр гарах нь.  


Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ