Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн тоон үзүүлэлтүүд

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-06-17 15:14:14

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатар (2019 оны 6 дугаар сарын 6)-т өргөн барилаа. УИХ-аас 2017 оны тавдугаар сарын 25-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороо (тухайн үед)-ны дарга Д.Лүндээжанцан  ахалсан  байна.

 

Уг төслийг УИХ дахь бүтцийн байгууллагуудын авч хэлэлцсэн байдлыг авч үзье. Тухайлбал,  МАН бүлэг (2019 оны 6 дугаар сарын 10) хэлэлцлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхдээ ард нийтийн саналыг авна гэж тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээллээ. Төрийн байгуулалтын байнгын хороо (2019 оны 6 дугаар сарын 13) хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан билээ. Чуулганы нэгдсэн хуалдаан (2019 оны 6 дугаар сарын 14) 10 цаг 58 минутад эхлэн 58 хувийн ирцтэй Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл (хэлэлцэх эсэх болон нэгдүгээр)-ийг хэлэлцэж эхэллээ.

 

Харин УИХ-ын дарга Г. Занданшатар баасан гарагийн хуралдаан (2019 оны 6 дугаар сарын 14)-ыг хаахдаа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн зөвшилцлийн гэрээ” гэж онцоллоо. Тэрбээр цааш нь  УИХ дахь цөөнхийн зөвлөлөөс төслийн үзэл баримтлалын талаар санал, дүгнэлтээ танилцуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авсан, түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэх бололцоог хангана гэж хэлээд чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулсан билээ. Одоогийн байдлаар, парламентын бүтэц тус хуулийн төслийг хэлэлцсэн байдлыг авч үзвэл ийм байна.

 

Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн эргэн тойрон дахь тоон үзүүлэлтүүдийг нэг дор байрлуулан харъя. Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг 2008-2019 оны хооронд долоон удаа байгуулсан аж. Мөн 2011, 2012, 2015 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж   (хэлэлцэгдээгүй) байжээ .

 


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбоотойгоор улсын хэмжээнд нийт 327 мянга 375 иргэн, 24 байгууллагаас таван сая 584 мянга 832 нэгж санал гарчээ. Энэ хүрээнд ирсэн саналыг нэгтгэн үзэхэд нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдаагүй асуудлаар 79 мянга 23 санал ирсэн бөгөөд тэдгээрээс нэлээдийг нь төсөлд тусгасан гэнэ.  Мөн Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хөндсөн саналуудыг төсөлд тусгаагүй аж.


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах энэ удаагийн төслийг УИХ-ын  62 гишүүн гарын үсэг зуран өргөн барьсан ажээ.  УИХ-ын гишүүдийн  2011 оноос хойш өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн үзэл баримтлалыг нэгтгэсэн, цаг үе, нийгмийн шаардлагаар яригдаж байгаа асуудлыг тусгасан гэж хууль санаачлагчид тайлбар хийсэн байна. Энэ удаа УИХ-д өргөн барьсан төсөл хэлэлцэгдэж байгаагаараа бусдаасаа ялгарах онцлогтой. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн  тоон үзүүлэлтийг харуулахын зэрэгцээ онцлогийг  нь маш товчоор багцлан харуулбал:

  • Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах;
  • Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах;
  • Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах;
  • Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулжээ. 

Хэлэлцэж байгаа төслөөр Үндсэн хуулийн 20 зүйлд орох 42 заалт байгаа гэнэ. Энэ нь  Үндсэн хуулийн  28,5 хувийг хамарсан юм байна. Төслийн хэлэлцүүлгийг маргааш (мягмар гарагт) үргэлжлүүлнэ. Гэхдээ Монгол улсын Ерөнхийлөгчийн болон сөрөг хүчин  (Ардчилсан нам)-ий гаргасан саналыг төсөлд нэмж тусгах бололтой. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тус хуульд орох өөрчлөлт нь 33 хувиас дээш гарах ёсгүй. Гэвч одоо түүнд хүрэхэд 4,5 хувийн орон зай байна. Ийм болохоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Ардчилсан намын оруулах санал  энэ хүрээнд байх боломжтой.

 

Холбоотой мэдээ