Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдэд чиглэсэн бодлого үгүйлэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-17 23:56:30
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхэдтэй эхчүүд тэдний эрүүл мэндийн асуудалд санаа зовж, сэргээн засах эмчилгээ үйлчилгээ тогтмол үзүүлдэг төв аймагт байвал сайхан байна хэмээн ярилаа.

Энэ бол тэдэнд тулгамдаж байгаа олон асуудлыг багтаасан шийдэл, гарц хийгээд хүсэл байсан юм. Аймгийн төвд бага насны эдгээр хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлчих тэдний шаардлага, хэрэгцээг хангах газар байхгүй учраас сардаа нэг удаа Улаанбаатар явж, ЭХЭМҮТ-д очиж хүүхдээ үзүүлж, Сэргээн засах төвд тав хоног сэргээн засах эмчилгээ, үйлчилгээ авдаг байна. Тэгээд явахаар хоног нь цөөхөн тул үр дүн бага, хүүхдээ ядраадаг, урьдчилаад сарын өмнөөс дугаар бичүүлж, нааш цааш явахад унаа машин, санхүүгийн бэрхшээл байдаг гэх мэтчилэн олон асуудал тулгамддаг бөгөөд энэ олон бэрхшээлийг даван туулахад тийм төв орон нутагт хэрэгтэй байгаа  нь мэдрэгдэж байлаа.  

Хөгжлийн хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гээд тэдэнд болон ар гэрт нь дэмжлэг үзүүлэх бодлого, нөлөөлөл маш чухал байгаа хэдий ч өнөөдөр тийм нарийн бодлого байхгүй байна.

Дундговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөө байгаа хэдий ч тэр төлөвлөгөөн дотор хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг авч үзсэн зүйл байсангүй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо үйл ажиллагаагаа явуулж, тэдэнд зориулсан асаргаа, сувилгааны төв ажиллуулдаг хэдий ч тэнд байгаа тоног төхөөрөмж тав хүртэлх насны хүүхдүүдийн онцлог, тэдний хөгжил, шаардлагад нийцэхгүй байгааг эхчүүд онцолсон.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ар гэрийн нийгмийн асуудал  ч орхигддог. Ээжүүд нь хүүхдээ харахын тулд ажил хийх боломжгүй, зарим нь огт ажил хийдэггүй байхад зарим нь ажлаасаа чөлөө аваад явж байдаг.

Гэр бүлийн нэг нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй болохоор өрхийн орлого тийм ч хангалттай байж чаддаггүй, дээр нь хүүхдийнхээ асаргаа сувилгаанд жирийн хүүхдээс хамаагүй их мөнгө зарцуулах хэрэгтэй болдог байна.

Хэрвээ хүүхдийн хэрэгцээнд нийцсэн хөгжүүлэх үйлчилгээ, дэмжлэг, хамгаалалтыг хөгжлийн хоцрогдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлүүдэд цаг алдалгүй хүргэж чадахгүй л бол тэдний туулах хүндрэл, бэрхшээл улам гүнзгийрч, насан туршийн уршигт нөлөөлөл үзүүлэн, яваандаа ядуурал, нийгмийн амьдралаас тусгаарлагдахад хүргэдэг аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцид “Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбод, сэтгэл мэдрэл, оюун санаа, мэдрэхүйн байнгын согогтой бөгөөд уг согог нь янз бүрийн саад тотгортой нийлсний улмаас бусдын нэгэн адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь саад учруулахуйц болсон хүнийг багтааж ойлгоно” гэжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоонд тархины саажилт, нугасны ивэрхий, булчингийн сулрал, нуруу нугасны гэмтэл, дауны синдром, мөн хараа, сонсгол, бие махбод, харилцааны болон оюун ухааны согог зэрэг эрүүл мэндийн нөхцөл байдалтай хүүхэд багтдаг байна.

Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад сайтар тохируулсан аргачлал нэн шаардлагатай байдаг.  

Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ХХҮГ-аас Олон нийтийн оролцоонд түшиглэсэн сэргээн засах үйлчилгээ үзүүлж байгаа нь авууштай сайхан үйл ажиллагаа хэдий ч энэ үйлчилгээ нь жилдээ нэг л удаа, 20 хүүхдийг долоон хоногоор явуулж байгаа нь өдөр тутам ийм үйлчилгээ шаардлагатай байгаа хүүхдүүдэд тийм ч хангалттай байж чадахгүй байна.

ОНОТСЗҮ-г гэрээлэн гүйцэтгэж байгаа “Хатан” эмнэлгийн захирал, их эмч А.Хатантөмөр хэлэхдээ “Энэ үйлчилгээ бол энэ хүүхдүүдэд маш их хэрэгцээтэй, гэхдээ долоохон хоног явуулахад үр дүн нь тийм сайн харагдахгүй. Ядаад 14-20 хоног явуулчих хэрэгтэй байгаа юм. Эдэнд зориулсан элс, давсан эмчилгээ, бариа, цайнд оруулах, шарлага гэх мэт эмчилгээг хийж байна. Тэрнээс гадна сэтгэл зүйн зөвлөгөө, яриа, таниулга хийдэг. Анх ирснээ бодвол хүүхдүүд маань их хөөрхөн сэргэж, царай нь сайжирч, хөдөлгөөн нь нэмэгдэх хандлагатай болж байна. Манай аймагт үнэндээ сэргээн засах бариа хийх сувилагч ч цөөхөн байна, энийг бодлогоор бэлтгэх л хэрэгтэй байна” гэсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй тав хүртэлх насны хүүхдүүдэд жилдээ ганцхан удаа олдож байгаа энэ боломжоос илүү тогтмол явдаг, тэдний бие, онцлогт тохирсон, хөгжүүлэх, сэргээн засах зориулалттай сандал, хөлд оруулдаг зэрэг тоног төхөөрөмж бүхий орчин хэрэгтэй байна. Хэрвээ тийм газар байвал Улаанбаатарт таксинд өгдөг мөнгөө төлөөд явдал чирэгдэлгүй эндээ эмчүүлнэ хэмээн ээжүүд бодлоо хуваалцсан юм.

Өнөөдрийн балчирхан энэ хүүхдүүд ирээдүйд 15 жилийн дараа ХБИ болж, нийгмийн амьдралд оролцох тул бага наснаас нь анхаарч,  тэдний асуудлыг зөвхөн гэр бүлд нь нялзааж, тухайн өрхийн асуудал байдлаар авч үзмээргүй санагддаг.

Тиймээс ХБХ-ийн асуудал бол нийгмийн асуудал. Судлаачдын хэлж байгаагаар ХБХ-ийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Энэ нь нийгмийн бухимдал, ядуурал, орчны бохирдол, утаа, гэр бүл төлөвлөлт, амьдралын хэвшил, дадал гээд маш олон зүйлээс шалтгаалж байдаг аж.

Өндөр орлоготой улс орнуудад хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн илрүүлэлт, үнэлгээг өндөр түвшний мэргэжилтнүүдийн баг гүйцэтгэдэг бол бага, дунд орлоготой манай улсад мэргэжлийн ийм цогц мэдлэг, туршлага байхгүй байгаа. Улмаар зарим улсад хүүхэд хөгжүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулж, чадавхийг бэхжүүлэх зорилгоор орон нутгаас хүн сурган бэлдэж, боломжтой бол нарийн мэргэжлийн зөвлөхөөр дэмжүүлэн ажилладаг байна.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн сэргээн засалтын хөтөлбөр, үйлчилгээ нь мөн бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, үнэлэх ажилд чухал үүрэгтэй оролцож болох юм.  

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд эн тэргүүний хэрэгцээ нь аль болох эрүүл байх явдал бөгөөд энэ нь тэдний өсөлт, хөгжлийн суурь нөхцөл болдог ажээ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхдэд хөгжлийн бэрхшээлээс үүдэн тусгайлсан эмчилгээ, асаргаа шаардлагатай байдаг байна. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн бэрхшээлийн улмаас эрүүл мэндийн хоёрдогч хүндрэл үүсэх эрсдэл өндөр байдаг хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлдэг.

Аймаг орон нутаг энэ асуудалд анхаарлаа хандуулж, бодлого гарган хэрэгжүүлбэл бүрэн боломж байгаа. 2019 онд Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 24 ажил үйлчилгээг 599,4 сая төгрөгөөр гүйцэтгэхээр төлөвлөснөөс 425,0 сая төгрөгөөр аймгийн ИТХ болон таван суманд суудлын автомашин авахаар төсөвлөжээ.

Суудлын автомашин худалдан авах энэ зардлын 10 хувийг нь л хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулахад тэдэнд хэрэгцээтэй байгаа тэр тоног төхөөрөмжийг худалдан авч, ХБХЭЭХ-ны сэргээн засах төвд байрлуулахад хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүдэд маш том буян болж, тэдний ар гэрт юугаар ч үнэлж баршгүй их урам зориг, сэтгэлийн хүч өгөх нь ээ.

Тийм л нарийн бодлого, тийм л хүнлэг сэтгэл, тийм л бодитой дэмжлэг хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдүүд, тэдний ар гэрт зайлшгүй хэрэгцээтэй байна. 

Холбоотой мэдээ